Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайн ангийн хэрэгтэнд сар бүр Уолт Диснейн киног үзүүлэх шийтгэл оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Миссури мужийн шүүх сүүлийн 10 орчим жилийн хугацаанд олон зуун буга хулгайгаар агнасан этгээдэд нэгэн өвөрмөц шийтгэл оноожээ.

Тус мужийн иргэн Дэвид Бэрри өөрийн эцэг, ахын хамт өнгөрсөн наймдугаар сард баривчлагдсан юм. Тэд буга агнаад зөвхөн толгой, эврийг нь салган авч явдаг байсныг зугаа цэнгээний зорилгоор үйлдсэн гэмт хэрэг гэж шүүх дүгнэсэн байна.

Ингээд Дэвид Бэррид нэг жил шоронд хорих ял оноосноос гадна хоригдох хугацаандаа сар бүр нэг удаа Уолт Диснейн “Bambi” энимэйшн киног үзүүлэх шийтгэл оноожээ.

 
Гэмт хэрэгтэн Дэвид Бэрри

Шүүхийн шийдвэрт “Уолт Диснейн Bambi бүтээлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 23-наас хэтрүүлэлгүй үзүүлж, цаашдаа хоригдох хугацаанд сар бүр үзүүлж байх”-аар ялласан байна.

“Bambi” энимэйшн киног 1942 онд Уолт Диснейн студид бүтээсэн бөгөөд уг кинонд эхийгээ хулгайн анчдад алдсан бугын үр төл Бэмбигийн тухай өгүүлдэг.

Хэрэгт холбогдсон хүмүүс нийтдээ $51,000-ын торгууль төлөх, хоригдох хугацаагаар шийтгүүлснээс гадна бүгд ан гөрөө хийх эрхээ насан туршдаа хасуулжээ.

Харин Дэвид Бэррид яагаад ийм нэмэлт шийтгэл оноосон нь тодорхойгүй байна.

Бэрригийнхний хулгайн ангийн хэргийг анх 2015 онд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгаж эхэлсэн юм байна.

 

Эх сурвалж: Associated Press