Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Трамптай учраа олоход нь Абэгийн зөвлөгөө Ши Жиньпинд хэрэг болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Аргентины нийслэл Буэнос Айрест АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өөртөө итгэлтэй байж, сайн боловсруулсан санал тавьсан нь Америкчуудыг гайхшруулж, хоёр орны хооронд үргэлжилж байсан худалдааны дайны “галыг зогсоох” тохиролцоонд хүргэсэн юм.

Тэгвэл ийм үр дүнд хүрэхэд нь Японы ерөнхий сайд Шинзо Абэ тусалсан тухай Хятадын албаны эх сурвалж мэдээлжээ.

Сарын өмнө Бээжинд уулзахдаа Ши Жиньпин Шинзо Абэгаас АНУ-ын ерөнхийлөгчтэй хэрхэн ойлголцох талаар зөвлөгөө хүссэн гэнэ. Харин Японы ерөнхий сайд түүнд гол санаагаа бусдаар дамжуулалгүй “шууд өөрт нь хандаж ярилцан тохирох”-ыг зөвлөсөн тухай эх сурвалж мэдээлжээ.

Хятад, Япон улсууд сүүлийн хэдэн жилийн турш муудаад байсан харилцаагаа саяхнаас сайжруулах эрмэлзлэлтэй болсон нь хоёр орон хоёул АНУ-ын “хувиа хичээсэн” гадаад бодлогод шахагдаж эхэлсний шинж байв.

Тэгвэл нэг ижил зовлонтой, нэг ижил эрх ашигтай болсон Ши, Абэ хоёрын хооронд хүндэтгэлийн зоогийн үеэр ийм яриа болсныг хэлэлцээрт ойр ажиллаж байгаа эх сурвалж баталжээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ нь барьцгүй Трампын эвийг олохдоо дэлхийн улс орнуудын удирдагч нар дотроос хамгийн сайн хүн гэгдэж байгаа. 

Тэрээр Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа хамгийн түрүүнд Нью Йорк дахь гэрт нь зочилж, баяр хүргэж байв. Бас тэр гольф тоглох дур сонирхлоороо ижилсэж, Дональд Трамптай ойр дотно харилцаатай болоод байгаа.

АНУ-Хятадын худалдааны маргаан намжих нь Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Японы компаниудад ч ашигтай. Дональд Трамптай уулзахаас хэдхэн өдрийн өмнө Японы Нийгата мужаас цагаан будаа импортлоход тавьсан хоригоо Бээжин цуцалсан нь хоёр орны хоорондын харилцаа зөөлөрч эхэлсний илрэл байв. 2011 оны Фүкүшимагийн цөмийн ослын дараа Хятадын засгийн газар Японы 10 бүс нутгаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосны нэг нь Нийгата байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post