Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс аюултай хог хаягдлаа булшлах, дахин боловсруулах газруудаа бий болгож чадаагүй өнөөдрийг хүрчихээд байна"

ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран аюултай хог хаягдлын олон улсын бага хурлыг зохион байгууллаа. Хурлыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэллээ.

Монгол Улс хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны УИХ-ын чуулганаар батлуулсан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт эрх зүйн 14 бичиг баримт боловсруулахаас 12 эрх зүйн бичиг баримтыг боловсруулан батлуулан мөрдөж байна. Энэхүү  хуулийн зорилго нь хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэхүйг олон нийтэд төлөвшүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг бий болгож, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн.

Хурлын үеэр БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа "Хог хаягдлын талаар төрийн баримталж буй бодлого илтгэлийг тавьсан юм. Тэрбээр монгол орны хэмжээнд аюултай хог хаягдлын асуудал бэрхшээлтэй байна. Ард иргэд аюултай хог хаягдал гэхээр  зөвхөн химийн хорт бодис, төрөл бүрийн уусмал гэж ойлгоод байдаг. Гэтэл бидний эргэн тойронд байдаг батарей хүртэл аюултай хог хаягдал юм. Иргэд мэдээлэлгүй учраас энэ чиглэлд нэлээд онцгой байдал үүсчихсэн байгаа. Үүнтэй байгаль орчны яам санал, дүгнэлт нэгтэй байдаг бөгөөд асуудалд хэд хэдэн бэрхшээлтэй тал байна.

Нэгдүгээрт наад зах нь иргэд хог хаягдал гэдгийг зүгээр хаях ёстой зүйл гэдэг уламжлалт энэ ойлголтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Бусад улс орнуудад илүүдэл зүйл гарвал тухайн зүйл дараагийн үйлдвэрлэлдээ шилжих ёстой гэдэг ойлголттой. Тийм учраас хогийг хогийн саванд хийх биш холбогдох газар нь өгөх, тушаах ёстой гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Тэр нөхцөл бололцоог ч хангаж өгөх шаардлага байгаа.

Хоёрдугаарт манай улс аюултай хог хаягдлаа булшлах, дахин боловсруулах газруудаа бий болгож чадаагүй өнөөдрийг хүрчихээд байна. Яамны зүгээс энэ чиглэлийн асуудлыг боловсруулж Төв аймгийн Эрдэнэ, Улаанбаатар хотын тодорхой газруудыг шийдвэрлүүлэхээр засгийн газарт хоёр жилийн өмнөөс хандаж асуудал оруулсан. Гэвч газрын тухай хуулийн дагуу байгаль орчны яам газартай холбоотой асуудлыг мэддэггүй гэснээр буцаагдсан. Энэ дагуу холбогдох газарт нь буюу Барилга хот байгуулалтын яаманд бүх зүйлийг шилжүүлсэн. Дахин хоёр ч удаа БОАЖ-ын сайдын тушаалаар асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх тухай санал тавьсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Ер нь газартай холбогдсон шийдвэрлэгдэж чадахгүй хүлээгдэж байгаа асуудлууд манай яаманд нэлээд байна. Тиймээс яаралтай шийдвэрлэх асуудлыг холбогдох газруудад тавьсан. Мөн бид аюултай хог хаягдлын асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх боломж байгааг олон улсын туршлагаас судалж хаягдлаа баялаг болгох аргуудыг эрэлхийлж байна" гэлээ.

Өнөөдрийн олон улсын бага хуралд аюултай хог хаягдлын хууль эрх зүйн орчин, БОАЖЯ болон ЕСБХБ хамтран хэрэгжүүлсэн төслийн танилцуулга цаашид Монгол Улсын аюултай хог хаягдлын өнөөгийн дүр төрхийг тодорхойлон ойрын ирээдүйд зайлшгүй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зөвлөмж гаргалаа.

“Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент - Цаашид авах арга хэмжээ” бага хурал нь энэ чиглэлээр манай улсад зохион байгуулагдаж байгаа анхны албан ёсны арга хэмжээ бөгөөд хог хаягдлын болон байгаль орчны мэргэжилтнүүд хамтран оролцож орон нутгийн иргэдэд хог хаягдлын асуудал нь хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангахад ямар чухал үүрэгтэйг ойлгуулж тэдгээрийн ухамсарт эерэгээр нөлөө үзүүлэх үр дүнтэй юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.