Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ-ийн 10 гишүүн хуралд оролцохгүйгээ мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдах зар ирсэн. МАН-ын УЗ 29 гишүүнтэй. Нэр бүхий 10 гишүүн Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлээд байна. 

Уг шаардлагад МАН-ын УЗ-ийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Ж.Энхбаяр нарын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг нь тогтоогдсон. Эд хууль бусаар, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан. 
ЖДҮХС-тай холбогдсон гишүүд намын УЗ-ийн хуралд оролцох ёс суртахууны болон саналын эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд бид УЗ-ийн хуралд оролцоно” гэлээ. 

Л.Энх-Амгалан: Би MCS-д маш бага хувьцаа эзэмшдэг

Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Эдгээр гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдсан уу? 

-МАН-ын УЗ 29 гишүүнтэйгээс 13 гишүүнтэйгээр хуралдаж байх шиг байна. УЗ-ийн дарга тэргүүтэй зургаан гишүүн ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон байна. 
УЗ-өөс Засгийн газрыг огцруулах болон ЖДҮХС-тай холбоотой асуудлаар шийдвэр гарах байх. Энэ шийдвэрт сонирхлын зөрчилтэй гишүүд оролцох ёсгүй гэсэн шаардлага тавиад байна. 

Ёс зүйн дэд хороо өөрийн ажиллах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу ажиллана. УИХ-ын гишүүдийн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах ёсгүй байдаг. 

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн дунд М.Оюунчимэг гишүүний нэр байна. М.Оюунчимэг гишүүнийг зээл авсан гэж ойлгож болох уу? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа, АТГ-аас өгч байгаа мэдээллийг бид үндэслэж байгаа. Хүний нэр төрд халдаж болохгүй. Хууль хяналтын байгууллагаас нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа асуудлыг хөндөж байгаа. Үүн дотор М.Оюунчимэг гишүүн байгаа юм билээ. 

-13 гишүүнтэй хуралдаад гаргасан шийдвэр танай намын дүрмээр хүчин төгөлдөр байж чадах уу?

-УЗ-ийн шийдвэрийг биелүүлж байсан тохиолдол бий юу үгүй юу гэдэг дээр Нийслэлийн намын хороон дээр УЗ-ийн шийдвэр зөрчигдөж байсан жишээ байна. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг УЗ-өөс тогтвортой ажиллуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан ч энэ зөрчигдсөн. УЗ-ийн шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, хэрэгжүүлэх бол яах вэ гэдэг дээр анхаарах зүйл бий.  

-Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Та бүхэн энэ зээлээ төлсөн үү. Мөн С.Бямбацогт гишүүнийг концесстэй холбодог. Энэ талаараа тайлбар өгнө үү?

С.Бямбацогт: Намайг Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Энэ бол өмнөх Их хурлын үед гарч байсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд тодорхой ажлуудыг Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлынхаа санхүүжилтийг авсан. Тухайлбал, Улааанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулахад зориулсан томоохон төслүүд байсан. Эдгээрт оролцоод хийсэн ажлынхаа төлбөрийг авсан. Бусдаар нэг төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. 

2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар 247 концессийн төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан. Олон концессийн гэрээ байдгаас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд С.Бямбацогтын, Н.Номтойбаярын, Ж.Мөнхбатын хийснийг онцлоод байна. 

Л.Энх-Амгалан: -MCS миний хамаарал бүхий компани биш. Би маш бага хувьцаа эзэмшдэг. MCS компани Хөгжлийн банкнаас нэг ч  төгрөгийн зээл аваагүй. Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкийг би ахалж шалгасан. 2016 онд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгазаж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан.