Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Москва хот нэг талбайдаа ЗХУ-ын талд ажиллаж байсан Британий тагнуулчийн нэрийг өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад тагнуулын байгууллагын төв байрны ойролцоо оршдог талбайд 1963 онд ЗХУ-д урваж ирсэн Британий тагнуул Ким Филбигийн нэрийг өгөх шийдвэрийг Москва хотын захиргаа гаргажээ.

Сергей Скрипалийн гэх хэргээс үүдэлтэйгээр Орос, Британи улсуудын харилцаа хүйтэн дайны үеэс хойш хамгийн доод түвшинд хүрээд байгаа цаг үед ийм арга хэмжээ авсан байна.

Москва хотын захирагч Сергей Собянин тус хотын баруун өмнөд дүүрэгт орших энэхүү талбайг Ким Филбигийн нэрэмжит болгох шийдвэр гаргасныг албан ёсны вэб сайтдаа мэдээлжээ.

Филби нь ЗХУ-ын төлөө тагнуулын ажиллагаа явуулахаар элссэн Кэмбрижийн Тав гэгддэг тагнуулын сүлжээний хамгийн алдартай гишүүн байсан юм. Тэрээр 1988 онд Москва хотод нас барсан.

Британий тагнуулын байгууллага MI6-гийн ахлах албан хаагч байсан Филби бараг 30 орчим жил ЗХУ-ын талд нууц мэдээлэл дамжуулж байсан гэдэг.

Илчлэгдсэнийхээ дараа 1963 онд Зөвлөлтөд дүрвэж ирсэн Филби Москва хотын төвд суурьшсан юм. Гэхдээ түүний амьдарч байсан газар одоогийн талбайтай ямар ч хамааралгүй тул Москва хотын захирагчийн шийдвэр оршин суугчдын хувьд ойлгомжгүй байгаа гэнэ. Иргэдийн зарим нь гудамж, талбайд нэрийг нь өгөх Оросын алдартнууд хангалттай олон байгааг сошиал сүлжээнд шүүмжлэн бичицгээжээ.

 

Эх сурвалж: The Guardian