Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэтэд тарсан гэрэл зургуудын улмаас Оросын цуутай гэмт этгээдийг ганцаарчлан хорих болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шоронд тансаг амьдарч байгааг нь харуулсан гэрэл зургууд интернэтэд тарсны дараа 20 жилийн хорих ял эдэлж байгаа Оросын цуутай дээрэмчнийг ганцаарчлан хорих болжээ.

Хоригдол Вячеслав Цеповязын өмгөөлөгч Элбрус Муртазов өчигдөр шоронгийн захиргааны энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн байна.

Цапок нэртэй гэмт хэргийн бүлгийн гишүүн Цеповязын том дэлгэцтэй зурагт үзэж, тансаг хоол хүнс зооглож, шорлог хийж байгаа гэрэл зургууд хэд хоногийн өмнө Оросын интернэт ертөнцөд тарж, иргэдийг бухимдуулсан юм.

 

Холбооны Засан Хүмүүжүүлэх Албаны өчигдөр гаргасан мэдэгдэлд сүлжээнд тарсан материал нь 2015 онд Цеповяз хоригдож эхэлснээс хоёр жилийн дараа авхуулсан зурагнууд гээд одоо түүнийг шийтгэлийн ганцаарчилсан камерт шилжүүлснийг мэдэгджээ. Шоронгийн дотоод журмыг зөрчсөн шалтгаанаар ийм шийтгэл оноосон байна.

Мөн Цеповязад тусгай эрх эдлүүлж байсан шоронгийн захиргааны албан хаагчдыг шалгаж эхэлснээ ОХУ-ын ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

Цапок нэртэй гэмт хэргийн бүлэг Оросын өмнөд хязгаарын Краснодар мужид 1990-ээд оны сүүлээс 2010 он хүртэл үйл ажиллагаа явуулж байв. Тэд орон нутгийн фермерүүдийг айлган сүрдүүлж, хууль бус орлого олдог байсан бөгөөд хүн барьцаалах, дээрэм, хэд хэдэн аллагын хэргийг үйлджээ.

Тухайлбал 2010 онд тэд нутгийн чинээлэг фермерийг бусад 11 хүний хамт хөнөөсөн нь Орос даяар дуулиан тарьж байв. Үүний улмаас бүлгийн толгойлогч болон бусад хүмүүсийг баривчилсны дотор Цеповяз багтсан юм.

 

Эх сурвалж: ТАСС