Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Балбын яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт хийхээр тогтов

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол, Балбын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр Катманду хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, балбын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга бөгөөд Зүүн Хойд Азийн газрын Ерөнхий захирал Г.П.Дхакал нар ахалж оролцов.

Талууд хоёр талын харилцааг бүх түвшинд идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлоод цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар тохирлоо.

Монгол Улс Балба улс шашин шүтлэг, өв соёлын хувьд ойр, нийтлэг үнэт зүйлсээр холбогддог зэрэг нь найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх  хөрс суурь болж байгааг тэмдэглэж хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа монголын тал илэрхийлэв.

 

Балбын тал худалдаа, улс төр, эдийн засаг, спорт, аялал жуулчлалын салбарт болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн хүрээнд хамтын ажиллагаагаа өрөгжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа нотлоод Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй идэвхтэй гадаад бодлогынхоо хүрээнд цаашид ч санал солилцож, цаашид идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.

Монгол, Балбын Гадаад харилцааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 онд Улаанбаатар хотноо хийхээр тогтов.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам