Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хүнсний өдрийг "Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор тэмдэглэнэ

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсад жил бүр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 2017 оноос эхлэн “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулж тэмдэглэж байгаа юм.

Жил бүр энэхүү хурлыг зохион байгуулснаар:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх,
  • Эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх,
  • Төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх,
  • Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон нийтэд сурталчлан таниулах,
  • Хүнсний салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
 
Гэрэл зургийг: mpa.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “Дэлхий нийтээрээ 38 дахь удаагаа Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж байгаа ба энэ жил  "Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор тэмдэглэж байна.

Манай Улсын хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжил сүүлийн үед эрчимжиж байна гэж хэлж болно. Тус салбарын экспортын нөөц бололцоо ч мөн сүүлийн үед өргөжих болсон. Жил бүр оюутан судлаачдын шинэ судалгааны ажил, шинэ гарцыг бид сонсож, хүлээн авснаар салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэлээ.

Энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг “Хүнсний аюулгүй байдал, хүнсний экспорт-2018” сэдвийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.

Хуралд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Дархан дахь салбар сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Идэр их сургууль, Технологийн дээд сургууль, Хүнсний аюулгүй байдлын шинжээчдийн холбоо, “Макс центр”, “Монбиофарм” ХХК зэрэг олон сургууль, судалгааны газраас судлаачдын нийт 35 илтгэл ирүүлснээс нийт 20 судалгааны ажлыг шалгаруулж ийнхүү өнөөдөр хэлэлцэж байна.

Тэргүүн, дэд, тусгай байрт шалгарсан оюутан, судлаачдын шагналыг маргааш “Дэлхийн хүнсний өдөр”- ийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр гардуулах юм байна.

Цаашид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсын хэмжээнд зохион байгуулж, гадаад улсад хүнсний чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа Монгол оюутан судлаачдыг өргөнөөр татан оролцуулахаар төлөвлөж буйгаа тэмдэглэлээ.