Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ядуу улсуудын нэг Папуа Шинэ Гвиней APEC-ийн уулзалтад зориулж Масерати загварын 40 машин авчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард нутагт нь болох APEC-ийн хурлын зочдод зориулж Папуа Шинэ Гвиней улсын засгийн газар 40 ширхэг Масерати загварын автомашин худалдаж авсан нь хүчтэй шүүмжлүүлж байна.

Гэвч эрх баригчид эдгээр тансаг ангиллын машинуудыг төсвийн мөнгөөр авахгүй, хувийн компаниудад хурлын дараа зарна хэмээн тайлбарлажээ. Хоёр өдөр болох хуралд зориулагдсан, нэг бүр нь $200,000-$350,000-ын үнэтэй машинуудыг Италийн Милан хотоос Boeing 747-8F тусгай үүргийн нисэх онгоцоор энэ долоо хоногт авчирсан байна.

Хурлын дараа хувь хүмүүс, компаниуд эдгээр машинуудыг “булаацалдан авна” гэж тайлбарласан засгийн газар үүнийгээ төсвөөс мөнгө гаргалгүйгээр хүндэт зочдод үйлчлэх “маш ухаалаг шийдэл” гэжээ.

Үнэндээ ядуу буурай Папуа Шинэ Гвиней улс анх удаагаа Масерати загварын машинтай болж байгаа нь энэ юм. Тус улс нь дэлхийн хамгийн ядуу, хамгийн их эх хүүхдийн эндэгдэлтэй, 5 хүртэл насны хүүхдийн шим тэжээлийн дутагдал хамгийн өндөр, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хамгийн өндөр орнуудын нэг.

Саяхан Папуа Шинэ Гвинейд хүчтэй газар хөдлөлт болсон бол саа өвчний тархалт дэгдэж доод тал нь нэг хүн амиа алдаад байгаа. Энэ жил Австрали улс саа өвчний эсрэг вакцинд зориулж $16 саяыг тусламж болгон Папуа Шинэ Гвинейд өгсөн юм.

Мөн Хятадын засгийн газар тус улсад есөн галын машин бэлэглэсэн бол Японоос 22 ширхэг түргэн тусламжийн машинаар тусалжээ.

 

Эх сурвалж: The Guardian