Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Шинэ эхлэл” сургуулийн захирлыг хахууль авсан хэргээр баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Шинэ эхлэл" олон улсын лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-аас өчигдөр баривчилжээ.

Тус сургууль нь сурагчдыг зургаадугаар ангиас нь эхлэн элсүүлдэг бөгөөд олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль юм.

Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Тус сургуулийн захирлыг Эрүүгийн хуулийн 22.4-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа" гэлээ. 

Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 4-т "Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.