Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

BMW Хятад дахь салбартаа хяналт тогтоосон анхны томоохон авто үйлдвэрлэгч боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хятадын зах зээлд салбар компаниа байгуулахын тулд дотоодын компанитай заавал хамтарч, эзэмшлийг хувийг 50:50 харьцаатай хадгалдаг хууль олон арван жилийн турш үйлчилж ирсэн. Тэгвэл Бээжингийн эрх баригчид энэ оноос эхлэн зах зээлээ илүү нээлттэй болгож, гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх боломж олгосон юм.

Үүний үр дүнд Германы BMW компани 3.6 тэрбум еврогоор Хятад дахь хамтарсан компанийнхаа ихэнх хувийг худалдан авснаа өнөөдөр зарлажээ.

Ингэснээр BMW өөрийн эзэмшлээ 50 хувиас 75 хувь болгон өсгөж, Хятад дахь салбартаа давуу эрхтэй хяналт тогтоосон анхны томоохон үйлдвэрлэгч болж байна.

Хятадын талын хувь нийлүүлэгч Brilliance China Automotive Holding компани 25 хувьтай үлдэж байгаа юм. АНУ-тай хийж буй Хятадын худалдааны дайн тус улсад салбартай барууны компаниудад хүндээр тусч байна. Тэгвэл BMW дэлхийн хамгийн том автомашины зах зээлд хяналтаа тогтоосноор худалдааны дайны сөрөг нөлөөг бууруулах боломжтой болжээ.

“Бид одоо шинэ эринд шилжиж байна. Хятад улс нь маш хурдтайгаар BMW-ийн шинэ эрчим хүчээр явдаг машинуудыг үйлдвэрлэх чухал суурь болж байгаа юм” гэж BMW компанийн гүйцэтгэх захирал Харальд Крюгер ярьж байна. Тэр өчигдөр Хятадын ерөнхий сайд Ли Кэчяньтай уулзсан юм.

Гадаад компанийн эзэмшлийн хэмжээг 50 хувиар хязгаарлаж ирсэн Хятадын засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ хязгаарыг үе шаттайгаар цуцлах төлөвлөгөөг зарласан юм. Энэ онд цахилгаан хөдөлгүүртэй машины эзэмшлийн хязгаарыг цуцалсан бол бизнесийн зориулалттай машины үйлдвэрлэлд 2020 оноос, суудлын машины үйлдвэрлэлд 2022 оноос эхлэн үйлчилж эхлэх ажээ.

BMW компанийн Хятадад үйлдвэрлэсэн анхны бүрэн цахилгаан машин 2020 онд зах зээлд гарч, Хятадаас гадна бусад улсуудад экспортлогдох юм.

 

Эх сурвалж: Bloomberg