Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр жилийн өмнөх сонгуулийн дүнгээр 2020 оныг төсөөлж, төөрөгдөхөө больцгооё, УЛСТӨРЧИД ӨӨ

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн тухай хуулиар нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт явуулахаар заасан. Тэр дагуу өнгөрсөн ням гарагт Сүхбаатар аймгийн ИТХ, Дорноговь аймгийн Алтанширээт, Улаанбадрах, Замын-Үүд, Сайншанд суманд, нийслэлийн Багахангай дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгууль болов.

Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 72 хувийн саналаар ялжээ. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтай. 2016 оны сонгуулиар AH, МАН хоёр тус бүр нь 16 суудал авч нэг тойрог нь маргаантай үлдсэн. Ийнхүү тэнцсэн хоёр талын дунд хэн нь аймгаа удирдах ёстой вэ гэдэг ширүүн маргаан болсон юм. Түүгээр барахгүй АН, МАН-ын ИТХ-ын төлөөлөгчдийн тэнцүү байдал аймгийнхаа Засаг даргаар ч тоглоод авсан.

Эхлээд МАН-аас З.Энхтөрийг Засаг даргаар томилсон боловч өнгөрсөн хавар түүнийг сольж тус аймгийн Засаг даргаар Ж.Эрдэнэбаатар гэдэг хүн ажиллуулсан. Тухайн үед З.Энхтөр манай сонинд “Хууль зөрчөөд биш хуйвалдааны золиос болж ажлаа өглөө” хэмээн ярилцлага өгч байлаа.

Одоо нөхөн сонгуулиар АН-ын нэр дэвшигч ялсан болохоор 16:17-гийн харьцаагаар АН-д аймгийн эрх мэдэл шилжих болж таарч байна. тус аймгийн Засаг дарга ч дагаад дахиад солигдоно гэсэн үг. АН-ын хувьд Сүхбаатар аймгийн нөхөн сонгуульд ялсан нь үнэ цэнтэй байгаа. 2016 оны сонгуулиар эрх баригч хүчнээс УИХ-д есөн суудалтай, орон нутгийн сонгуульд ганцхан Завхан аймагт ялсан юм. Тийм болохоор Сүхбаатар аймагт нөлөөгөө тогтоох боломжтой болсон нь ядаж имижийг нь өөд татах нь дамжиггүй. Гэвч тэд дэгсдүүлэн “2020 оны сонгуулийн зураг гарлаа”, “Бид ялах юм байна” гэж хөөрцөглөв.

Бүр “Нөхөн сонгуулийн түүхэн дэх хамгийн дуулиант ялагдал” хэмээн Ардын намынхаа хорыг малтаж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сунгаанд оролцож б^й нэг дүүргийн дарга Сүхбаатар аймагт очтол Ж.Батсуурь ялж таараад гишүүд нь уйлаад тэднийгээ хараад баярлах, өрөвдөх хосолсон гэнэ.

Гэхдээ Сүхбаатар аймгийг эс тооцвол МАН ч байраа тавьсангүй. Учир нь, бусад орон нутгийн нөхөн сонгуулийн тойргуудад ялсан учраас “Манай намын рейтинг өндөр байна" гэсэн мэдээлэл цацаж эхлэв. Ингээд намынхаа удирдлагуудад, нэг нэгэндээ баяр хүргэх дуудлагад нэгдэцгээлээ.

Тодруулбал,

  • Дорноговь аймгийн Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100 хувь,
  • Улаанбадрах сумын ИТХ- ын сонгуульд МАН 61.8, АН 38.2 хувь,
  • Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69.4, АН 30.6 хувь,
  • Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64.7, АН 35.2 хувь,
  • Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70.5, АН 29.5 хувийн саналыг тус тус авсан аж.
  • Мөн Багахангай дүүргийн нэгдүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62.6 хувь, АН 32.3 хувийн санал авчээ.

Үүндээ дулдуйдан АН-ыг ялсан тухай мэдээлэл цацаж байна.

Гэхдээ намууд сонгуульд тэднээс өөр сонголтгүй оролцсон иргэдээ мартсан бололтой. 1990 онд намуудын рейтингийн нийлбэр бараг 99 хувь байлаа. Тэгвэл “МЕС” судалгааны байгууллагын Улаанбаатар хотын . сонгуулийн насны 800 иргэнээс 2018 оны есдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан судалгаа байна. Түүгээр бол өнгөрсөн сарын байдлаар МАН 16, АН 18 хувийн рейтингтэй байна. Монголын хоёр голлох нам нийлээд дөнгөж 30 гаруй хувийн рейтингтэй байгаа юм.

Энэ байгууллагаас cap бүр тогтмол судалгаа хийж олон нийтэд зарладаг.

Ямар ч байсан энэ жилийн нэгдүгээр сараас хойш хоёр гол намын рейтинг иргэдийнхээ дунд 20 хувьд хүрэлгүй явж ирсэн байна. Ийм байхад 2020 оны сонгуулийн дүнг хоёр жилийн өмнө төсөөлж, төөрөлдөхөө больцгооё, улстөрчид өө.

Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар 18 мянган иргэн цагаан хуудас уншуулж байлаа. Иргэдийн төр засагтаа итгэх итгэл ийм байхад дүн шинжилгээ хийгээд цаашаа явах ёстой намууд “Ард түмэн манай намд хайртай” гэж хэн нь илүү чанга хашхирах уралдаан зарлаад байгаа нь муухай байна. 2016 оны сонгуулиас хойш АН шинэчлэл хийж намын дарга нараа бүх гишүүдээсээ сонгодог болоод байгаа.

Лидерүүдээ хөөсөн, туусан тухай хэрүүл нь ч тасраагүй байна. МАН-ын хувьд үнэмлэхүй эрхийг ард түмнээсээ авсан ч дотроо хагарч, Засгийн газраа унагааж, намынхаа даргыг сольчхоод сууж байгаа. Сүүлд нийслэлийн МАН-ын даргыг сонгох сонгууль нь ч гуравхан төлөөлөгчийн саналаар шийдэгдсэн гэхээр дотроо чамгүй хагаралтай байгааг илтгэнэ.

Хоёр намын удирдлага шинэ болохоор өөрсдийгөө харуулах гэсэн битүү хүсэл байж болох юм. Гэхдээ нөхөн сонгуулийн сум, дүүргийн жижиг тойргуудад ялсан нь ирэх сонгуулийнх нь өнгийг тодорхойлохгүй ээ. Цагтаа жижиг том сонгуульд тав дараалан ялалт байгуулж явсан АН даргаа солиод эрх баригчаас сураггүй сөрөг хүчин болтлоо ялагдаж байсан нь хоёр жилийн өмнөх явдал. Одоо ялангуяа АН, МАН гадна талдаа иргэдийнхээ дунд рейтингээ алдаж байгаа үед сэтгэлээ зогоох асуудлаа сум, дүүрэг, аймгийн нөхөн сонгуулиас хайгаад байгаа нь, тэр тусмаа ирэх сонгуулиудад манай нам ялах юм байна гэж төсөөлөх нь өөрөө дэндүү гэнэн байна.

Зураг