Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эккаунт бүрэн устахыг хүлээх хугацааг Фэйсбүүк хоёр дахин нэмэгдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн эккаунтаа устгахаар шийдсэн бол таны шийдвэр тийм хурдан гүйцэлдэхгүй болжээ.

Саяхнаас тус сүлжээнд устгасан эккаунт бүрэн арилахад зарцуулдаг хугацаа хоёр дахин нэмэгдсэн байна. Өмнө нь хэрэглэгч эккаунтаа устгах хүсэлт гаргахад идэвхгүй болдог ч хандах боломж нь нээлттэйгээр 14 хонодог байсан юм.

Энэ хугацааг “grace period” гэж нэрлэдэг бөгөөд бүрэн устахаас нь өмнө хэрэглэгчдэд шийдвэрээ өөрчлөх боломж олгох зорилготой.

Тэгвэл саяхнаас энэ хугацаа 30 хоног болж уртассаныг мэргэжилтнүүд илрүүлжээ.

Фэйсбүүк компани ийм өөрчлөлт хийснээ баталж, ингэх нь хүмүүст шийдвэр гаргахаасаа өмнө илүү их мэдээлэл авч, сайтар бодох хугацаа өгөх зорилготой гэж тайлбарласан байна.

Сүүлийн жил гаруй хугацаанд Фэйсбүүкийг тойрсон сөрөг мэдээлэл ихээр тарж, хүмүүс тус сүлжээнээс гарах оролдлого нэмэгдсэн нь ингэхэд хүргэсэн байх гэж ажиглагчид дүгнэжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компани 50 сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тарсан. Үүнээс зургаан сарын өмнө Кэмбриж Аналитика компанид мөн олон сая хүний мэдээллийг алдсан тухай дуулиан тарж байсан юм.

 

Эх сурвалж: Tech Insider