Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмч нарыг сургаж, дадлагажуулахад цаашид улам бүр анхаараасай хэмээн хүслээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хуралд оролцохоор ирсэн доктор, профессоруудыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн 10 дахь удаагийн олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буйд талархал илэрхийлээд хурлын цар хүрээ жил ирэх бүр өргөжин тэлж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Тухайлбал, энэ жилийн Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хуралд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ зэрэг улсаас хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлдэг доктор, профессорууд ирж оролцсон байна.

Мөн олон улсын хурлын үеэр Хавдар судлалын үндэсний төвд Монгол-Солонгосын хамтарсан баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, энэ нь Хавдар судлалын үндэсий төв тав дахь удаагаа амьд донороос элэг шилжүүлэн суулгасан тохиолдол болжээ. Түүнчлэн хамтарсан багууд дурангийн аргаар элэг тайрах мэс заслыг амжилттай хийж, мэс заслыг шууд дамжуулснаар элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээний орчин үеийн чиг хандлагын томоохон практик болсон байна.

Үүнээс гадна олон улсын хуралд оролцож буй эмч нарын илтгэлийг сонсохын тулд 500 ам.доллараас дээш хураамж төлдөг бол Улаанбаатар хотод болсон олон улсын хуралд аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч, хавдар судлаач эмч, хавдрын сувилагч, хавдар бүртгэгч, гепатологи, дотрын зэрэг эмч нар оролцож, салбартаа тэргүүлдэг доктор, профессоруудыг илтгэлийг үнэгүй сонсох боломж олдсон талаар танилцуулав.

Мөн уригдан ирсэн доктор, профессоруудыг төлөөлөн Токиогийн эрэгтэйчүүдийн анагаах ухааны сургуулийн гастроэнтерологийн тэмхимийн Мэс заслын тасгийн доктор Масаказү Ямамато Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол Улсад хавдрын өвчлөл нь томоохон асуудал болж байгаа хэдий ч хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал болж, эмч, мэргэжилтнүүдийн чадвар нь жил ирэх бүр ахиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмч нарыг сургаж, дадлагажуулахад цаашид улам бүр анхаараасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлээд, иргэд маань эрүүл мэнддээ эн тэргүүнд санаа тавих хэмжээний орлоготой болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй явдгаа хэлээд, эмч нарын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Түүнчлэн дараа, дараагийн жилүүдэд болох Япон-Монголын хамтарсан олон улсын хуралд дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж, хавдар, хавдарын эмчилгээ, салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү: