Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сайншанд салхин паркийн 25 дахь сэнсний угсралтын ажил дуусчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Сайншанд Салхин Парк” ХХК нь өнгөрсөн долоо хоногт 25 дахь салхин сэнсний угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаандаа бүрэн гүйцэтгэж дуусгасан байна.  

Төслийн гүйцэтгэлийн ажлыг хэрэгжүүлэхэд инженерийн болон барилга угсралтын мэргэжлийн  ур чадвараас гадна барилгын үйл явцын ямарваа нэгэн сул зогсолт, осол гэмтэлгүйгээр гүйцэтгэхэд төслийн маш нарийн төлөвлөгөө, хариуцлага чухал шаардлагатай байсан байна. Байгалийн урьдчилан таамаглашгүй нөхцөл болох элсэн шуурга, бороо салхины улмаас барилга угсралтын ажил 25 өдрөөр хойшлогдсон ч төслийн багийнхан, хамтран гүйцэтгэгчид төслийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байгаа ажээ. 

Сайншанд салхин паркийн барилгын ажил 2017 оны 08 дугаар сараас эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын сүүлээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй. Уг төсөл нь Дорноговь аймгийн Алтанширээ, Өргөн сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа билээ.    

Төслийн үр дүнд байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэх бөгөөд орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлэхээс гадна шинээр ажлын байр ч бий болох юм.

Төслийн барилга угсралтын ажилд нийт 120 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт оруулж байгаагийн 65 хувийг олон улсын банкууд санхүүжүүлж байгаа аж. Харин эзэмшлийн хувьд 98 хувийг Франц, Герман зэрэг Европын компани болон бусад байгууллагуудад хамаарч байна.

Уг төсөл хэрэгжсэнээр 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий салхин парк ашиглалтанд орж, жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээ хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм.