Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюутолгой” компани 99 сая ам.долларын татвар хураамж төлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюутолгой” компани 2018 оны хоёрдугаар улирлын шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа. 

Тус компани Монгол Улсын Засгийн газарт 2018 оны эхний хагас жилд 99 сая ам.долларын татвар, хураамж төлжээ. Харин 2010 оноос 2018 оны хоёрдугаар улирлыг дуусталх хугацаанд "Оюутолгой" компанийн Засгийн газарт төлсөн татвар, хураамж болон бусад төлбөрийг тооцвол 1.6 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж байна

График 1. Татвар хураамж, бусад төлбөр 2010-2018 (сая ам.доллар)

 

“Оюу толгой” компанийн ажиллах хүч 15,000-д хүрч, өнөөдрийн байдлаар Монгол Улсад ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болоод байна. Нийт ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд үүнээс 20.1 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 52.6 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байгаа аж.

Мөн усны дахин ашиглалт хамгийн өндөр хувьтай байна. Тодруулбал, “Оюу толгой” компани үйлдвэрлэлдээ нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.4 шоо метр (400 литр) ус ашигладаг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудаас даруй гурав дахин бага үзүүлэлтэд тооцогдож байна. Харин энэ усныхаа 88 хувийг дахин ашиглаж буй нь мөн дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж буй юм. Тус компани 2013-2017 онд л гэхэд ус ашиглалтын төлбөрт 67.8 тэрбум орчим төгрөгийг орон нутагт төлсөн байна. 

“Оюу толгой” компани 2018 оны эхний хоёр улиралд 675 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тэдний 479 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компаниудад зарцуулсан байна. 

График 2. Үндэсний худалдан авалт 2010-2018 (сая ам.доллар)

 

2010-2018 оны хоёрдугаар улирал гэхэд үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 349 сая ам.доллар зарцуулжээ.

Үйлдвэрлэлийн тайлан

Тээрмийн ашиглалтын түвшин дээшилсэн, тэсэлгээний үйл ажиллагаа сайжирсантай холбоотойгоор боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 6.3 хувиар нэмэгдсэн байна. 

Хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 1.5 хувь нэмэгдсэн нь тээрмийн ашиглалтын түвшин дээшилсэн, 6 дугаар үе шатны хүдрийн нөөцийн агуулга харьцангуй бага байсантай тус тус холбоотой аж. 

Мөн хугацаанд алтны үйлдвэрлэл 19 хувиар нэмэгдсэн нь тээрмийн ашиглалтаас гадна 4А дугаар үе шатны хүдэр дэх агуулга, металл авалт нэмэгдсэнтэй холбоотой байна. 

II улиралд хийсэн борлуулалт ложистикийн үйл ажиллагаа жигдэрч, 1 дүгээр улиралд давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуримтлагдсан баяжмалыг хэрэглэгчдэд хүргэсэнтэй холбоотойгоор ийнхүү нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 240,000-280,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж буй. Өндөр хүчин чадал бүхий тэсэлгээний үр дүнгээс хамааран боловсруулсан хүдрийн хэмжээ 2018 оны эцэст 40 сая тонн хүрэх төлөвтэй байгаа аж. 

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил ахицтай явж байгаа бөгөөд тавдугаар босоо амыг амжилттай барьж гүйцэтгэн төлөвлөгөөт гүн болох 1,178 метр, 6.7 метрийн өргөнд хүрчээ. Үүнтэй холбоотойгоор агааржуулалт нэмэгдэн, гүний уурхайн бүтээн байгуулалт улам идэвхжих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тус компани 2020 оны дунд үеэс анхны хүдрийг биетийг олборлон эхэлж 2021 оноос тогтвортой үйлдвэрлэл эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Үйлдвэрлэлийн мэдээ

 

 

 

Эх сурвалж: Оюутолгой ХХК