Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: ШХАБ-ын гишүүн орнуудын цэргийн хүчийг сөргөлдөөнд ашиглахгүй

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-10-нд БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болох билээ. Уг дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоос гадна, БНХАУ-д албан ёсны дээд хэмжээний төрийн айлчлал хийх юм. Тэгвэл айлчлалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын “China Media Group’’-ийн захирал Шен Хайшуньд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Өнгөрсөн сарын 7-нд та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, ард түмэндээ хандаж 45 минутын турш үг хэллээ. Таны дөрөв дэх удаагийн тангараг өргөх ёслол урьд урьдын тангараг өргөх ёслолоос юугаараа онцлог байсан бэ?

-Юун түрүүнд энэ боломжийг ашиглан Хятадын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хэрэв та тангараг өргөх ёслолыг үзсэн бол миний юу ярьсныг бараг мэдэж байгаа байх. Би өөрийгөө болон өөрийнхөө багийг бид гэж ярьдаг. Тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго гэдгийг онцолсон.

Харин ирэх жилүүдэд улсынхаа байр суурийг олон улсын төвшинд бэхжүүлж, эртний холбоотон орнуудтайгаа хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулахаар төлөвлөөд байгаа юм. Мэдээж эдгээр орны  тоонд БНХАУ багтаж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Та Холбооны Ассамблейд хэлсэн үгэндээ “Орос мөрөөдөл” гэх үгийг олон удаа хэлж байсан. Таны ярьж буй “Орос мөрөөдөл”Ши Жиньпиний танилцуулсан“Хятад мөрөөдөл”-тэй адилхан уу, ялгаатай юу?

-ОХУ болон БНХАУ бол хөрш орнууд. Бидний түүхэн харилцаа хэдэн зууны өмнөөс эхтэй. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүх шатанд улам гүнзгийрсээр байна. 2001 онд манай хоёр улс Найрамдлын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан нь өнөөгийн энэ харилцааг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн гэж би хувьдаа боддог. Жил өнгөрөх тусам бид хамтдаа барьж буй байшиндаа шинэ зүйл нэмж, бидний барьж буй байшин улам өндөр өнгөлөг болсоор байна.

Ши Жиньпин Коммунист намын хурал дээр хэлсэн үгэндээ “Улсын хөгжлийн үндэс нь ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах” хэмээсэн байдаг. Ард түмнийхээ амьдралыг ямар ч аргаар сайжруулж болно. Өөрөөр хэлбэл, бидний зорилго ижил ч арга барил өөр гэсэн үг юм. Гэхдээ зорилго ижил цагт хүчин чармайлтаа нэгтгэвэл амжилтад хүрэх нь тодорхой.

-Та дэлхийн бусад орны удирдагчидтай харьцуулахад БНХАУ-ын удирдагчтай өнгөрсөн жил хамгийн олон удаа уулзсан. Түүнчлэн Ши Жиньпин ОХУ-ын хамгийн хүндтэй шагнал болох Гэгээн Эндрюгийн эзэн болсон. Ши Жиньпин та хоёрын харилцааг хэрхэн дүгнэх вэ?

-Мэдээж, тодорхой хэмжээний хувийн харилцаа байгаа. Миний төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж байсан дэлхийн улс орнуудын цорын ганц удирдагч нь Ши Жиньпин юм. Өмнө нь би хэзээ ч гаднын найз нөхөдтэйгөө төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй. Ши Жиньпин найдвартай түншээс гадна ямар ч юманд чин сэтгэлээсээ ханддаг хүн. Түүнчлэн тэр маш сайн судлаач, түүнтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд болон эдийн засгийн талаар ярилцахад таатай байдаг. Тиймээс тэр миний хувьд найдвартай түнш, дотны найз.

-Хэдхэн хоногийн дараа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. ШХАБ-ыг өргөжүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-ШХАБ бол ОХУ, БНХАУ болон Зөвлөлтийн харьяанд байсан орнуудын хоорондох асуудлыг шийдвэрлэхийн тулд  байгуулагдсан байгууллага юм. ШХАБ-ын зорилго бол харьцангуй даруухан. Гэхдээ үүссэн асуудлыг аажим аажмаар шийдвэрлэсний дараагаар маш чухал үр дүнд хүрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд ШХАБ хүрээгээ тэлсээр байна. Энэтхэг, Пакистан ШХАБ-ын гишүүнээр элссэн. Энэтхэг, Пакистан гишүүнээр элссэнээс хойш анхны дээд хэмжээний уулзалт одоо болох гэж байна. Энэ удаагийн уулзалтаар л ирэх жилүүдэд хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулна.

ШХАБ-ын гишүүн орнууд дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг, хүн амын 43 хувийг, манай гаригийн нийт нутаг дэвсгэрийн 23 хувийг дангаараа эзэмшиж байна. Энэ тоо баримтаас харахад ШХАБ нь яах аргагүй олон улсын байгууллага. Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнуудын хамтарсан цэргийн сургуулилалтыг байгуулагдсан үеэсээ хойш зохион байгуулж байна. Бид уг цэргийн хүчийг хэзээ ч сөргөлдөөнд ашиглахгүй.

-Чиндао бол далайн хоол, шар айргаараа алдартай хот. Шар айраг болон далайн хоолыг нь амталж үзнэ биз дээ?

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би далайн хоол, шар айрагны аль алинд нь дуртай. Аль болох уухгүйг хичээдэг ч шар айргаараа алдартай хотод очиж байгаа юм чинь заавал амталж үзнэ.

-“Бүс ба Зам” санаачилгын таван жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ санаачилгын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ санаачилгыг би хамгийн их дэмжсээр ирсэн хүмүүсийн нэг. Чухал, ирээдүйтэй, ашигтай санаачилга.

-ОХУ-ын хамгийн том асуудал бол барууны орнуудын хориг арга хэмжээ болоод байна. Ерөнхийдөө АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын эдийн засгийг овоо хараандаа авчхаад байна. ОХУ болон АНУ-ын харилцааг хэрхэн дүгнэх вэ?

-Бид барууны орнуудын манай улсын эсрэг авч буй хориг арга хэмжээнд цочирдохоо больсон. Гэхдээ би АНУ-тай харилцаагаа сайжруулахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа.

-Энэ он гарснаас хойш дэлхийн халуун цэг болсон Сири, Солонгосын хойгт эерэг өөрчлөлтүүд гарсаар байна. Гэхдээ тодорхой бус зүйл ч байна. Дэлхий дахинд тулгамдаж буй хямралыг шийдвэрлэхэд ОХУ, БНХАУ хамтран ажиллах боломжтой юу. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд БНХАУ-ын гүйцэтгэсэн үүрэг их. Түүнчлэн саяхан манай Гадаад хэргийн сайд Сергей Лавров Пхеньянд айлчилж, тус улсын удирдагчтай яриа хэлэлцээ хийсэн. БНАСАУ-ын удирдагч ч гэсэн санаад оромгүй мэдэгдэл хийж, дахин цөмийн зэвсгийн туршилт хийхгүй гэдгээ мэдэгдэж, хамгийн том цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа устгалаа.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох эцсийн зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Гэхдээ бүх зүйл бас яг нарийн тодорхой болоогүй. Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болсныхоо дараа тус улсад Ливи, Иракт тохиолдсон шиг зүйл тохиолдохгүй гэх баталгааг АНУ-аас шаардана. Харин Вашингтон хойдуудын хүсэж буй баталгааг гаргах эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ энэ удаагийн Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтаас маш үр дүнтэй шийдвэр гарна гэсэн хүлээлт байна.

-Манай байгууллагаас “Хэн Владимир Путиний фен вэ” буюу “Путинээс юу асуухыг хүсч байна вэ” гэсэн онлайн санал асуулга явуулсан юм. Санал асуулгад бараг 40 сая хүн оролцсон. Үүнээс хамгийн их давтагдсан дөрвөн асуултыг асууя гэж бодож байна. Нэгдүгээрт, ОХУ энэ жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа. ОХУ-ын шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?

-Бидний зорилго бол хөлбембөгийн ДАШТ-д амжилт үзүүлэх бус тэмцээнийг сайн зохион байгуулах юм. Хэрэв амжилттай сайн зохион байгуулж чадвал энэ нь бидний амжилт болно.

-Хоёрдугаарт, ямар баг түрүүлэх бол?

-Латин Америкийн багууд болох Аргентин, Бразил гэх мэт хүчтэй өрсөлдөгчид байна. Өмнөх ДАШТ-д Германы баг гайхалтай тоглосон. Түүнчлэн Испанийн баг маш сайхан тоглолтыг үзүүлсэн. Өөр хүчтэй өрсөлдөгчид гарч ирж магадгүй ч хамгийн хүчтэй нь ялах нь тодорхой.

-Гуравдугаарт, та тэмцээнийг үзэх үү?

-Нээлт болон хаалтын ёслолд оролцоно. Хэрэв манай баг хожвол үзнэ.

-Дөрөвдүгээрт, таны дуртай хөлбөмбөгчин?

-ЗХУ-ын тоглож байсан Лев Яшин миний дэмждэг тоглогч. Харин гаднын тоглогчдоос Марадонаг дэмждэг.

-2016 онд “Их-20”дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Ши Жиньпинд бэлэг болгон орос зайрмагтай очиж байсан. Энэ жил ямар бэлэг авч очих гэж байна даа?

-Ши Жиньпийг орос зайрмагт дуртай гэхээр нь л авч очсон юм. Харин энэ удаа авч очих бэлэг маань нууц хэвээр үлдэг.

Зураг