Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын эх газрыг Крымтэй холбосон гүүрийг Владимир Путин нээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын эх газрыг Крымийн хойгтой холбосон 19 км урт гүүрийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор нээжээ.

Ингэснээр Орос улс Европ тивийн хамгийн урт гүүрний эзэн болж байгаа гэнэ. Чөлөөт хэв маягаар хувцасласан Путин “Камаз” ачааны машиныг өөрөө жолоодон гүүрээр эх газраас Крымь хүртэл зорчжээ.

Тэрээр нээлтийн үеэр хэлэхдээ “Уг бүтээн байгуулалтад 10,000 хүн ажиллаж, 220 орчим компани оролцлоо. Үнэндээ улс орон бүхэлдээ ажилласан. Үр дүн гайхалтай байна. Энэ гүүр Крымийг, домогт Севастополийг бидэнд улам ойртуулж байна” гэсэн байна.

Гүүр хоёр хэсэгтэй. Одоо нээгдэж байгаа нь автозамын хэсэг бөгөөд ирэх онд төмөр замын хэсэг нь ашиглалтад орох ажээ.

Өчигдөр хүнд машин механизмаар гүүрэн дээгүүр зорчсон нь уг бүтээн байгуулалтын бат бэх хийцийн талаарх эргэлзээг арилгах зорилготой байв.

Крымийн хойгийг Оросын Краснодарын хязгаартай тэнгисийн усан дээгүүр холбох санаа анх 19 дүгээр зууны сүүлээр яригдаж эхэлсэн гэдэг.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Герман ийм гүүр байгуулах ажил эхлүүлж байсныг Зөвлөлтийн тал зогсоосон юм байна.

Зөвлөлтийн эрх баригчид өөрсдөө гүүр барих гээд байгалийн хүчин зүйлээс шалтгаалан чадаагүй гэдэг. Сүүлд ОХУ-Украйн улсууд хамтарч гүүр барих талаар ярилцаж байсан ч 2014 оны хэрэг явдлын улмаас төсөл зогссон байна.

Ийнхүү 2015 оноос эхэлсэн Крымийн гүүрийн нэг хэсэг өчигдөр нээгджээ.

Европын хамгийн урт гүүрт өмнө нь 12 км урттай Португалийн Васко Да Гама гүүр тооцогддог байв. Гэхдээ Европчууд гүүрний уртаар Ази тивээс хол хаягдаад байгаа. Дэлхийн хамгийн урт гүүр 2010 онд Хятадын Даньян, Куншань хотуудын дунд байгуулагдсан нь 164.8 км урттай юм.

 

Эх сурвалж: Russia Today