Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс морь унах болсноор Евразийн угсаатнуудын генийн бүтэц ихээр өөрчлөгдсөнийг судлаачид тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эртний Скифийн дурсгал

Адууг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглах болсон нь эртний Хүннү, Монголчуудын түрэлтийг нэмэгдүүлж, Евразын баруун хэсэгт амьдарч байсан Индо-Европ гаралтай хүмүүсийг ихээр уусгасан болохыг судлаачид баталжээ.

Мөн морьтонгууд зарим халдварт өвчний вирусыг баруун зүгт тараасан гэж дүгнэсэн байна. Өчигдөр “Science and Nature” сэтгүүлд нийтлэгдсэн гурван судалгааны тайланд энэ тухай өгүүлжээ.

Судлаачид Нийтийн Тооллын Өмнөх 2,500 оноос Нийтийн Тооллын 1,500 оныг хүртэл амьдарч байсан хүмүүсийн генийн бүтцийг судалсан байна.

Энэ нь Төмөр зэвсгийн үеэс Дундад зуун хүртлэх хугацаа юм.

Судалсан хүмүүс нь өнөөгийн Унгар, Румынээс Монгол, зүүн хойд Хятад хүртэл газар нутагт амьдарч байжээ.

Эдгээр хүмүүсийн ген баруун Евразийн өвгөөсөө зүүн Азийн ген руу шилжин өөрчлөгдсөн дүр зураг судалгаагаар харагдсан байна.

Судалгаанд оролцсон Копенгагены их сургуулийн Эске Уиллерслев “Индо Европ хэлтнүүд аажимдаа Түрэг хэлтэн болж хувирсан нь судалгаагаар харагдлаа” гэжээ.

Индо Европ бүлгийн хэлнүүдэд өнөөдрийн Англи, Франц, Герман, Орос, Перс, Хинди хэлнүүд багтдаг. Харин Түрэг хэлний бүлэгт зүүн Азийнхан, түүн дотроо Монгол хэл багтдаг гэнэ.

Нийтийн Тооллын Өмнөх 800-200 оны үед Евразийн хээр талд Иран хэлтэй Скифчүүд ноёрхож байжээ. Тэд бол Хүрэл зэвсгийн үеийн баруун Европчуудаас гаралтай хүмүүс байсан гэнэ. Гэвч өнөөдрийн төв болон баруун Азийн оршин суугчид бүрэн өөрчлөгдөж Ази гаралтнууд болсон нь судлаачдын анхаарлыг татсан байна.

Хүннүчүүд өнөөдрийн Монголоос баруун зүгт довтлохдоо Скиф угсаатнуудыг алж хядаж, уусгасны үр дүн гэж үүнийг тодорхойлжээ.

Дараа нь Монголчууд баруун зүгт довтлохдоо баруун Евразийн оршин суугчдын генийг дахин шинэчилсэн байна.

Уиллерслев “Европоос Ази хүртэл 8,000 км өргөн уудам нутагт амьдарч байгаа өнөөдрийн хүмүүсийн генийн бүтэц сүүлийн 1,000 орчим жилд голлон бүрэлдэж тогтсон байна” гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Түүнтэй хамтран ажилласан Питер де Баррос Дамгаард уг судалгааны гол үр дүн нь адууг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглах болсноор Евразийн өнгө төрх бүхэлдээ солигдсоныг харуулсан явдал гэсэн юм.

Үүнээс гадна Юстинианы тахал гэгддэг 541-542 онд олон сая Европчуудын аминд хүрсэн халдварт өвчнийг зүүн Азийнхан, тодруулбал Хүннүчүүд тээж авчирсан болохыг тогтоосон байна.

 Харин B гепатит вирус 4,500 орчим жилийн өмнөөс Еврази даяар тархсан байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ. Одоо судлаачид уг вирус хэзээ хаанаас бий болсон, түүхийн түршид хэрхэн хувиран өөрчлөгдөж байсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Daily Mail