Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн виртуал туслагч хүнтэй утсаар ярилцаж чаддаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Google компанийн хөгжүүлэгчдийн I/O 2018 чуулган эхэлсэн юм.

Жил бүрийн уг арга хэмжээн дээр тус компани шинэ технологиудаа танилцуулдаг. Өчигдөр Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Google Duplex” хэмээх технологийг танилцуулжээ.

Энэ бол хиймэл оюун ухаантай виртуал туслагч юм. Сонирхолтой нь уг систем үйлчилгээний газар руу эзнийхээ өмнөөс залгаж, захиалга өгч байгааг Пичай өчигдөр бодитоор үзүүлсэн байна.

Ингэхдээ виртуал туслагч маань амьд хүнтэй ярилцаж чаджээ. Дуудлага хүлээн авсан хүн нь роботтой ярьж байгаагаа огт мэдээгүй юм. Захиалга хийсэн хойноо гар утасны цагийн хуваарь (appointment) дээр уг төлөвлөгөөг тэмдэглэж, эзэндээ мэдэгддэг байна.

Жишээ болгож Пичай виртуал туслагчаар үсчний салон руу залгуулж, цаг захиалуулжээ. Хүссэн цаг нь боломжгүй байсан ч хиймэл туслагч өөр боломжтой цагийг олоод захиалга өгч чадсан юм.

Дараагийн жишээн дээр робот туслагч нь эзнийхээ өмнөөс нэгэн жижиг ресторанд дөрвөн хүний захиалга өгч байна. Гэвч рестораны ажилтан дөрөв хүртэл хүн захиалга өгөх шаардлагагүй, шууд ирж болохыг хэлжээ.

Харин робот маань үүн дээр хэсэг будилсан ч эцэстээ ойлголцож, захиалга амжилттай өгч байгааг харуулсан байна.

Пичайн хэлж байгаагаар Google Duplex систем 60 хувь нь онлайн захиалга авах техникийн боломжгүй АНУ-ын жижиг бизнесүүдэд тохиромжтой шийдэл гэнэ.

Шинэ систем энэ оны сүүлээр бэлэн болж, зах зээлд хүрэх ажээ.

Эх сурвалж: The Guardian