Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Рио Тинто Монголын гурван ЯАМАНД ямар ЗАХИДАЛ ЯВУУЛСАН БЭ?

Б.Ану
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль тавьсан талаар бид мэдээлж байсан билээ. 

2013-2015 онд төлсөн татварт аудит оруулснаар дээрх торгуулийг тавихаар болсон талаар ч мэдээлж байсан. 

Энэ талаарх тухайн үеийн Туркойз Хилл Ресурсийн хэвлэлийн мэдэгдэлд "Оюу толгой ХХК нь дээрх хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүх татвар, хураамжаа төлсөн" гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл энэхүү үйл явдлын дараагаар Рио Тинто (РТ) группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Монгол Улсад ажиллах үеэрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ асуудлыг цэгцлэх, ойлголтоо нэгтгэхээр Монголын татварын албаныхантай уулзаж хэлэлцэж байгаа" гэж байв. 

Мөн тэрбээр энэ томилолтынхоо хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан.

У.Хүрэлсүх "Хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго.

Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай байна.

Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй" гэж хэлсэн тухай Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлж байсан билээ. 

Харин үүний хариуд  Оюу Толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг биелүүлж ажиллах болно гэдгээ Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак илэрхийлээд байсан юм. 

Тэгвэл энэ яриа хэлэлцээг ажил хэрэг болгох үүднээс Монгол Улсын Сангийн Яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамд хаяглан татварын маргааныг хамтран шийдэх утга бүхий захидлыг Рио Тинтогийн зүгээс явуулсан байна. 

Ингэснээр У.Хүрэлсүхийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах замаар ОТ төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах яриа хэлцэлд давхар орох боломж бүрдэж байна гэж ойлгож болох нь ээ. 

Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн Бямба гарагт Дундговь аймагт иргэдтэй уулзаж байх үеэрээ "ОТ төслийг өгөөжтэй болгох үүднээс бид ажиллаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш бид хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсэн. ОТ төслийг засч залруулаад явах ёстой. Бид дотроо нэгдсэн ойлголттой байж чадвал энэ хэлэлцээг тэнцүүхэн хийх боломжтой гэж бид харж байгаа. Зарим хүн энэ гэрээг зогсоох ёстой гэж мунхаглаж байгаа. Ийм асуудал ярьж болохгүй. Хувьцаа эзэмшигчид нь энд сууж байгаа иргэд та бүхэн бүгд шүү дээ. Олон нийтийн эрх ашиг гэж байх ёстой" гэж байв.