Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Оюутолгойн гэрээг байгуулснаар эдийн засаг өссөн нь бодит үнэн

ikon.mn
2018 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн /2018.04.16/-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, явцыг хэлэлцэв. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан болон Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг, Бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

ЗГХЭГ-ын танилцуулснаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 35-40 хувьтай байна. Бүлгийн гишүүд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар нухацтай ярилцав.

Энэ хүрээнд гишүүдийн зүгээс тодорхой асуудлыг хөндсөн байна. Нэгдүгээрт, эдийн засаг өсөлттэй байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн өсөлт айл өрх, иргэн бүрт бодитой хүрч байгаа эсэхэд санал бодлоо солилцов. Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс 2020 он гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн амлалт өгсөн. Энэ дагуу боловсролын салбарт баригдах объектын ажлыг эхлүүлэхэд нийслэл хотын хэмжээнд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байна. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлсэн байна. Тиймээс үдээс хойшхи бүлгийн хуралдаанд нийслэлийн удирдлагуудыг оролцуулахаар боллоо.

Урин дулааны цагт ч утааг мартахгүйгээр Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлуудад анхаарал хандуулж, бүлгийн хуралдаанаар хэлэлцэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн зүгээс “Сүүлийн жилүүдэд төрийн албаны нэр хүнд унаж байна. Төрийн албаны дунд, доод шатанд ажил явахгүй байна. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш яам, Тамгын газарт төрийн албаны халаа сэлгээ хийсэн эсэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварын тухай ирэх долоо хоногт ярилцахаар боллоо. 

УИХ-ын гишүүний сахилга хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудлыг ч бүлгийн хуралдаанаар авч үзэх ёстой гэж гишүүдийн зүгээс үзжээ. Тиймээс намын дотоод асуудлын хүрээнд ирэх долоо хоногт ярилцахаар боллоо.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа 

-Та хувь гишүүний хувьд хүүхдийн мөнгөний асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засаг өсөлттэй байгаа боловч Монгол Улсын урьд өмнө нь хуримтлагдсан өр авлага их байгаа. Олон улсын валютын сантай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох байсныг Засгийн газар ярилцсаны үндсэнд 80 хувьд хүргэсэн. Би хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоод явах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

-Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Хэзээ шалгалт дуусч, мэдээллээ өгөх вэ? 

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой болон Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногоос ажилдаа орно. Тодорхой хугацаанд ажиллаж, шаардлагатай тохиолдолд байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дүнгээ танилцуулна. 

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр, нөлөө бүхий хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Хүмүүс эерэг, сөрөг янз бүрээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талд та ямар байр суурьтай байна вэ? 

-Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүний нэг гэдгээ ярьсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн нь бодит үнэн. Гэрээтэй холбоотой засч сайжруулах зүйлс бий. Оюутолгойн гэрээ зурагдсанаас Монголчуудын аж амьдрал доройтсон юм биш. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж эдийн засгийн хүндрэлд орсон гэж боддог.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Урд хөршийн зүгээс манай улстай бүх чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байна. Гол нь дотооддоо бодлогоо зөв тодорхойлох асуудал байна гэсэн байна. 

Монголчуудын хувьд түүхэндээ анх удаа дэлхийн хэмжээний том гэрээ хэлцлийг анх удаагаа хийсэн нь Оюутолгойн гэрээ юм. Үүнд алдаа, оноо гарсан зүйл бий. Гэхдээ энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж чадсан. Хууль хүчний байгууллага энэ асуудлаар шалгаж байгаа эрхмүүдийг зөв шударга шалгаад, мэдээллээ ойрын хугацаанд өгөх байх гэж найдаж байгаа.

Ер нь олон жил төрийн албанд ажиллаж том шийдвэр гаргахын төлөө ажиллаж ирсэн хүмүүсээ нам, эвсэл холбоо гэхгүйгээр буруу талаас нь хэмлэж ярихаасаа илүүтэй зөв зүйтэй шийдэл гаргаасай билээ. Алдаа, оноо юунд байв гэдгийг эргэцүүлэх боломж олгоосой гэж би хувьдаа хүсч байна.

 

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг