Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудал юунаас болоод удаашраад байгаа талаар хуулийнханд бичиг явуулна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигын эсрэг парламентийн бүлгийн гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Бид "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан. Өөрөөр хэлбэл улсын хамгийн том бүтээн байгуулалтыг хэдэн нөхдүүд банкинд барьцаалчихсан. 

Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авсан асуудлыг АТГ шалгаж байгаа. Тийм учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг Засгийн газраас өгсөн. 11 дүгээр сарын 17-ны өдрийн Английн Арбитрын шүүх хуралдаанаар Эрдэнэтийн хөрөнгийг битүүмжлэхээр болсон. 

Энэ асуудалд төр засаг хариуцлага хэзээ тооцох вэ гэдгийг бид асуугаад байгаа. Хуулийн байгууллагуудад Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудал юунаас болоод удаашраад байгаа талаар бичиг явуулна. 

Эрдэнэт өрөнд орох энэ хэрэг явдал 2009 онд үүссэн. Эцэст нь төр бусдын хариуцлагагүй үйлдлийг өөртөө хүлээдэг газар болох нь. Дөрөвдүгээр сард далд байгаа олон хэргүүдийг ил болгох талаар ажиллана" гэв. 

Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ил цагаандаа гарсан луйвар арай ч хийгээгүй байх гэж бодож байсан. Гэтэл энэ үнэн гэдэг нь тогтоогдлоо.

Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажилламаар байна. 

Монгол Улсын өнгөрсөн 25 жилийг хааж дүгнээд, шинэ 25 жилээ төлөвлөх цаг хугацааны өмнө бид зогсож байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй.

Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ. Эрдэнэтийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол?

Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина" гэлээ.