Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улсын сонгогчид өөрийн Дональд Трампыг ерөнхий сайд болголоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хоёр өдөр үргэлжилсэн санал хураалтын дараа Чехийн иргэдийн олонх нь популист тэрбумтан, Европын Холбооны эсрэг үзэлтэн Андрей Бабишийг тус улсын дараагийн ерөнхий сайд болгох сонголтыг хийлээ.

Бабишийн Сэтгэл Ханамжгүй Иргэдийн Хөдөлгөөн (ANO) нам парламентийн доод танхимын 200 суудлын 78-ыг авсан бол түүний холбоотон үндсэрхэг үзэлтнүүдийн SPD нам 22 суудал авсан байна.

Урьдчилсан дүн гарсны дараа Дональд Трамптай үргэлж зүйрлэгддэг, Чехийн дэд баян Бабиш хэлэхдээ Чех орныг коммунизм нуран унаснаас хойш 30 жилийн турш удирдаж байгаа улс төрийн авлигажсан системээс салгахаа амлажээ.

101 суудал авч олонх болохоос ганцхан суудал дутсан Бабиш одоо аль нэг намтай эвсэж, засгийн газар байгуулах 29 хоногийн хугацаа авч байна. Гэвч 2014 онд сангийн сайд болсныхоо дараа татварын луйврын дуулианд холбогдож энэ оны эхээр огцорсон Чехийн Дональд Трамптай эвсэх этгээд олдоход хэцүү байгаа юм.

“Энэ хүн бол Чех улсын хувьд жинхэнэ аюул. Маш олон нам, хүчин түүнтэй эвсэх талаар төсөөлөх ч үгүй байна” гэж баруун төвийн үзэлтэй TOP 09 намын дэд дарга Марек Женишек хэвлэлд ярьснаас энэ бүхэн харагдаж байна.

Андрей Бабиш дүрвэгчид, цагаачлалын эсрэг хатуу байр суурь баримталдаг, Европын Холбоонд багтаж, Брюссельд захирагдахыг эсэргүүцдэг. Еврогоос татгалзаж, Чехийн засаглалын эрх мэдлийг өөртөө нэг мөр төвлөрүүлж, “төрийг бизнес шиг удирдах” тухайгаа өмнө нь ярьж байв.

Либерализмийн эсрэг үзэлтэй хүчнүүд Польш, Унгарт засгийн эрхэнд гараад байгаа бол тэдний араас Чех нэмэгдэхээр болж байна. Энэ нь Европын нэгдлийг сулруулж, Оросын нөлөө тус тивийн зүүн хэсэгт нэмэгдэж нөхцөл бүрдүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Independent