Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Улсын төгсгөл ойртлоо

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 23
Үндэсний шуудан
Зураг зураг

Сирийн Ракка хотыг Исламын Улс бүлэглэлийн хэт даврагчдаас чөлөөлсөн талаар өмнө өгүүлсэн билээ. Хотыг хоёр гаруй жилийн хугацаанд эрхшээлдээ байлгасан Исламын Улсынхан нэгэн цагт Ракка хотыг нийслэлээ хэмээн зарлаж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт тэднийг хотоос шахан гаргасан Сирийн босогчид АНУ-ын зөвлөхүүдээсээ “Барууны хэт даврагчдыг барих буюу олзолж болохгүй, шууд устга” гэсэн тушаал авчээ. Учир нь дайн дууссаны дараа барууны улс орнуудаас Исламын Улсад нэгдэгчид нутагтаа буцаад алан хядах ажиллагаа явуулах эрсдэлтэй хэмээн АНУ, Европын холбооны удирдлагууд үзсэн бололтой.

48 ЦАГ, 75 БӨМБӨГДӨЛТ

АНУ-ын батлан хамгаалах салбарын ахлах зөвлөхийн мэдээлснээр Исламын Улсын “сүүлийн хүч” үлдээд байгаа Ракка хотыг буулгаж авах явцад нэг ч исламын хэт үзэлтнийг амьд үлдээх есгүй, ялангуяа , барууны орнуудаас нэгдсэн дайчдыг хэмээн онцолсон байна. Алан хядагч бүлэглэлийн эсрэг АНУ-ын хамтын хүчний бие төлөөлөг-Бретт МакГурк “Алан хядах бусармаг ажиллагааг голомтод нь сөнөөж, өөр бусад газруудад тархаахгүйн тулд гаднын алан хядагчдыг бүгдийг нь устгах тушаал өгсөн хэмээн тайлбар өгчээ.

Сүүлчийн тулаанд хэдийгээр хэт даврагчид ялагдсан, гол хүч нь сарнисан боловч хотод бүгсэн хэвээр байгаа юм. МакГурк энэ талаар хэлэхдээ “Исламын Улсад гаднаас нэгдэж, Сирид ирсэн дайчдыг Сири Улсаас гаргахгүй устгах даалгавар авсан” гээд Раккаг бүрэн цэвэрлэтэл дайн дууссанд тооцохгүй, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн.

Исламын Улсын хяналтан дахь бүс нутгуудыг өнгөрсөн 48 цагийн хугацаанд 75 удаа бөмбөгдсөн. Цөхөрсөн алан хядагчид машин дэлбэлэхээс өөрөөр хариу үйлдэл үзүүлж чадаагүй байна. Курдын зэвсэгт хүчний удирдлагуудын мэдээлснээр спортын талбай, эмнэлгүүдэд ойролцоогоор 300 орчим хэт даврагчид нуугдаж байгаа бөгөөд хоорондоо бууж өгөх эсэх асуудлаар маргалдсан хэвээр байгаа аж.

Одоогийн байдлаар нэг ч Засгийн газар албан ёсоор Исламын Улсад нэгдэж, алан хядах үйл ажиллагаа санаачилж, эсвэл үйлдсэн эдгээр иргэдийнхээ хувь тавиланд санаа зовж буйгаа илэрхийлээгүй байна. Ялангуяа халдлагад хамгийн их өртсөн Франц Улс уг асуудалд огтхон ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг тус улсын Аюулгүй байдлын сайд Флоренц Парли олон улсын тавцанд дуулгасан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Европ-1” радиод өгсөн ярилцлагадаа “Энэ тулаанд исламын хэт даврагчид бүр мөсөн сөнөх юм бол хамгийн сайхан мэдээ болох болно" гэж хэлсэн нь Франц Улсын байр суурийг тодотгосон үйл явдал болсон.

ИСЛАМЫН УЛСАД НЭГДСЭН ГАДНЫН ИРГЭД ИСЛАМЫН ШАШНЫ ТАЛААР АНХАН ШАТНЫ ОЙЛГОЛТГҮЙ

Исламын Улс алан хядагч бүлэглэлийн талд тулалдаж байгаа гаднын дайчдын тоог албан ёсоор гаргаагүй байдаг боловч холбогдох албаныхны таамаглалаар 25 мянга орчим юм байна. НҮБ-ын судалгаагаар Исламын Улсад нэгдэгчид Исламын шашны талаар анхан шатны суурь ойлголтгүйгээс гадна эдийн засгийн хувьд хүндрэлтэй, амьдрах хүсэл сонирхол багатай залуус байгаа аж.

НҮБ-ын Алан хядах ажиллагааны эсрэг хэлтэс энэ талаар дэлгэрэнгүй судалсны үндсэн дээр Сириэс буцаж ирсэн этгээдүүд Исламын шашинд ороод удаагүй, бүр зохих журмын дагуу мөргөл үйлдэх мэдлэггүй байжээ. Судалгаанд 12 улсын 43 иргэнийг хамруулсан талаар судлаачид хэлээд шашны үнэт зүйлсийн талаар ямар ч мэдлэггүй, шударга бус байдлыг тэнцвэржүүлнэ гэсэн итгэл үнэмшил тээж тулалдсан нь тодорхой болов.

Түүнчлэн боловсролын түвшин доогуур, эдийн засгийн хувьд биеэ даасан чадамжгүй иргэд Исламын Улсыг нэг төрлийн ажлын зах зээл гэж харсан тохиолдлууд ч гарсан байна. Хэдийгээр НҮБ-д бүртгэлтэй бүх улс орнууд алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх үүрэг хүлээдэг боловч судалгаанд ердөө долоон улс оролцохыг зөвшөөрсөнд НҮБ-ын удирдлагууд дурамжхан байгаа аж. Судалгаанд оролцсон долоон улсын гурав нь Европ, дөрөв нь Ойрх Дорнод, Хойд Африкийн бүсийнх юм.

Зураг