Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ санасандаа хүрч, нам нь парламентийн доод танхимд үнэмлэхүй олонх боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Японы парламентийн доод танхимын ээлжит бус сонгууль болж өнгөрлөө.

Сонгуулиар эрх баригч Либерал Ардчилсан Намын тэргүүлсэн эвсэл 312 суудал авч, доод тал нь 310 суудал аван үнэмлэхүй олонх болох зорилтоо давуулан биелүүллээ. Ингэснээр таван жил ерөнхий сайдын алба хашиж байгаа Шинзо Абэ цаашид үргэлжлүүлэн Япон улсын засгийн газрыг тэргүүлж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зорилгоо биелүүлэх боломжтой болж байна.

Энэ удаа түүний ялалтад сөрөг хүчний хуваагдал, сонгуулийн ирц бага байсан зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Ирэх есдүгээр сард эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сунгаа болох ба өчигдрийн сонгуульд ялснаар Абэ намаа цааш үргэлжлүүлэн удирдаж, Японы хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болох гэж байна.

Сонгуулийн эхний үр дүнг мэдээлсний дараа Шинзо Абэ сонгогчид түүний бодлогыг дэмжиж байгаа нь харагдлаа гээд ялалтандаа санаа амралгүй улам хичээн ажиллаж, өөрийнхөө буураад байгаа рэйтингийг буцаан сэргээнэ гэлээ.

Энэ онд албан тушаалын томилгоондоо танил талаа харж үзсэн гэх дуулиан дэгдэж, Абэгийн рэйтингийг бага зэрэг унагаад байсан юм.

Парламентийн доод танхимд супер олонх болсноор түүний нам дээд, доод хоёр танхимд хоёуланд нь нөлөөтэй болж, Японы одоогийн энхийг эрхэмлэгч үндсэн хуулийг өөрчлөх саналаа дэмжүүлэх боломжтой болж байна.

Ингэснээр Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа зэвсэгт хүчнээ хилийн чанадад цэргийн ажиллагаанд оролцуулах боломжтой болох юм.

Ээлжит бус сонгуулийн өмнө Либерал Ардчилсан Нам парламентийн доод танхимын 465 суудлын 290­-ийг эзэлж байсан бол одоо гуравны хоёроос дээш хувийг эзлэхээр болж байна.

Есдүгээр сарын 28-нд Шинзо Абэ өөрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилгоор парламентийн доод танхимыг тарааж, ээлжит бус сонгуулийг зарлаж байв.

Энэ удаагийн сонгуулийн ирц 54 хувьд хүрэхээр байгаа нь дайнаас хойш хамгийн доод ирц гэгддэг 2014 оны парламентийн доод танхимын сонгуулийн 52.36 хувиас давахаар байна. Ням гарагт Японы арлуудыг дайрсан далайн хар салхин Сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаа гэнэ.

Шинзо Абэ арваннэгдүгээр сарын 1-нд болох парламентийн чуулганаар ерөнхий сайдын суудалд дахин томилогдох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Kyodo News