Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголын хүмүүнлэгийн байгууллага "Эрдэм" асрамжийн төвд 18 сая төгрөгийг хандивлалаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN

ӨМӨЗО-ны "Тэнгэрлэг аян" ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аяны хүрээнд "Эрдэм" асрамжийн төвийн хүүхдүүдэд 18 сая төгрөгийг хандивлалаа.

"Эрдэм" төвийг анх 2006 онд гэр бүлийн гишүүд сайн санааны үндсэн дээр нэгдэн байгуулжээ. Одоогоор 3-20 насны 23 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

 

"Эрдэм төв"-ийн менежер А.Өнөр "Асрамж, халамжид амьдарч байгаа хүүхдүүдэд чиглэсэн сайхан үйл ажиллагаа болж байна. Тус аяны хүрээнд олон үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр бүтэн жилийн дулаан, ус, цахилгааны төлбөрт 18 сая төгрөгийг хандивлалаа.

Ийнхүү манай хүүхдүүдийг тухтай орчинд амьдруулах боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна. 

Мөн тус аяны тусламжийн хүрээнд хоёр хүүхэд маань Хөх хотын Багшийн Их Сургуулийн харьяа Олон улсын Харилцааны сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байна" гэлээ.

Энэ үеэр ӨМӨЗО-оос хүрэлцэн ирсэн тус байгууллагын гишүүд дараагийн удаа илүү олон хүн хамруулж, аяны хүрээнд хийх ажлуудаа төлөвлөн, саналаа солилцсон юм.
 

"Тэнгэрлэг аян" ТББ-ын тэргүүн Ө.Алтантунгалаг "Тэнгэрлэг аян" ТББ байгуулагдаад дөрвөн жил болж байна. Мөн "Эрдэм" төвтэй хамтран ажиллаад гурван жил боллоо. 

Энд буй хүүхдүүддээ зориулан өвлийн хувцас, барилгын засвар шинэчлэлтийн ажил, сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, хоол хүнс хандивлах зэрэг ажлуудыг хийж байна.

Тус асрах газар өвөлдөө их хүйтэн өвөлждөг. Хуучин байр учир хаалга, цонхны дулаалга муу, паар хуучирсаны улмаас хүйтэн байсан.

Тиймээс бид Өвөр Монголчуудыгаа уриалан энэ төвийнхөө хүүхдүүдийг дулаахан өвөлжүүлэх юмсан гэсэн сэтгэлээр нэгдэж, өнөөдрийн хандивийг өгч буй юм. Мөн хандивт оролцсон байгууллагууд болон "Тэнгэрлэг аяны" гишүүдэд талархлаа илэрхийлж байна" гэсэн юм.