Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Даланжаргалан суманд зарласан уул уурхайн тендерийг ЦУЦЛАХЫГ шаардлаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт Малтмал Газрын Тосны Газраас өнгөрөгч есдүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын гурван багийн малчдын гол бэлчээр нутаг болох Алаг толгод, Гашуун, Залаатад  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын тендер зарлажээ. Тус сонгон шалгаруулалтын ялагчийг энэ сарын 23-нд шалгаруулж тусгай зөвшөөрөл олгогдоход бэлэн болоод байгаа аж.

Гэвч тендерээр олгох нутагт багийн нийт 40-өөд өвөлжөө, хаваржаа, 30 мянга орчим мал байгаа бөгөөд 40 гаруй малчин өрх айл амьдардаг байна. Тиймээс өнөөдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын "Байгаль хамгаалах иргэдийн бүлэг"-ээс мэдээлэл хийлээ.

Байгаль хамгаалах иргэдийн бүлгийн ахлагч Э.Чулуунзүрх "Алаг толгод, Гашуун, Залаатын тендерт оролцож байгаа компаниуд нэрээ татаж авах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид АМГТГ, Шинэ Засгийн газрын У.Хүрэлсүх сайд, УИХ-ын байнгын хороонд 900 хүний гарын үсэгтэй өргөдлөө хүргүүлсэн. Аль нь ч хариу өгөөгүй байна. Аймгийнхаа засаг даргад мөн нөхцөл байдлын талаар хэлсэн. Аймгийн засаг дарга энэ асуудлыг шийдэж өгнөө гээд явсан. 

Даланжаргалан сум нь 404.5 мянган га газар нутагтай, түүний 70 орчим хувийг хамарсан талбайд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж ирсэн. Дээрх талбайд 1990-ээд оноос хойш МАК корпораци, Чингисийн хар алт, Штанк коли, Алаг тогоо ХХК зэрэг томоохон компаниуд хайгуул, олборлолт, тээвэрлэлт явуулж байгаа ч одоог болтол хангалттай хэмжээний нөхөн сэргээлт хийгээгүй байгаа.

Манай сум нийт 150 гаран мянган малтай бөгөөд эдгээрийн 80 хувь нь уул уурхайн сөрөг нөлөөлөлд өртөгдөж байна. Өнөөдөр малчин хүн мөрөөрөө малаа маллаад амьдрахад хэцүү болоод байна. Бид хангалттай тэвчсэн. Засгийн газар энэ тендерээ зогсоож өгөөч ээ. Бид үүнтэй тэмцэж 300 км-ийг туулж өнөөдөр энд ирээд байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Малчин Ш.Энх-Амгалан "Манай Даланжаргалан сум уул уурхайн нөлөөлөлд асар ихээр өртлөө. Ашиглаж олборлохоо больсон уул уурхайнууд хариуцсан эзэнгүй болоод хаягдчихдаг. Үүнд нөхөн сэргээлт огт хийгддэггүй. Шороо тоосжилтын асуудлаас болж мал бэлчих ямар ч боломжгүй болоод байна. 

Бидний үр хойч, залгамж халаа Даланжаргалан суманд амьдрах боломжгүй болоод байна. Тийм учраас бид хариуцлагатай уул уурхайг бий болгож, дахин Даланжаргалан суманд хайгуул, ашиглалтын лиценз олгохгүй байхыг хүсэж байна" гэлээ.

Хэрэв Даланжаргалан сумын иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу 3 талбайн сонгон шалгаруулалтын тендер цуцлагдахгүй бол тэд тэмцлийн хатуу хэлбэрт үе шаттай шилжих болно гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.