Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц шинжилгээнд ҮНЭГҮЙ хамруулж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Даатгуулагчийг эрүүл мэндийн улмаас үүсч болох санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор 40, 45, 50, 55, 60, 65 насны бүх даатгуулагчийг 2017 онд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдвэрлэжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг "Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны тухайд 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс 1 багцыг даатгуулагч өөрөө сонгон оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамрагдана.

Нэгдүгээр багц нь даатгуулагчийн элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвслийн багц юм.
Хоёрдугаар багц нь нэгдүгээр багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөл орно.
Гуравдугаар багц нь элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэгдсэн байгаа.

Эдгээр багцаас даатгуулагч зөвхөн нэгийг нь сонгож үнэгүй оношилгоо, шинжилгээнд хамрагдана. Шинжилгээнд хамрагдах энэ насны иргэд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх ёстой гэдгийг мөн онцолж байна" гэв.

Даатгуулагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээнд хамруулснаар эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, улмаар нас баралт болон эрүүл мэндийн сангийн зардлыг урт хугацаанд бууруулах ач холбогдолтой юм.

"Нийслэлийн 32 эрүүл мэндийн байгууллага тусламж, үйлчилгээ үзүүлж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны хувьд тус аян нь аравдугаар сарын 16-наас эхлэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд 174,000 даатгуулагч тус тусламж үйлчилгээнд хамрагдах аж.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дараг И.Энхбат "Энэ тусламж үйлчилгээ нь жил болгон хийгдэж 2020 он хүртэл үргэлжилнэ.

Бид төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтын зохион байгуулсан.

Сонгон шалгаруулалтад нийслэлийн хэмжээнд 32, орон нутгийн хэмжээнд 45 эрүүл мэндийн байгууллага тэнцэж гэрээ байгуулж тус тусламж үйлчилгээг үзүүлж байна" гэлээ.

Даатгуулагч нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг тусламж, үйлчилгээнд хамрагдахдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн, иргэний цахим үнэмлэхийн хамт харьяа дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст очин “Эрхийн бичиг” авч харьяалал харгалзахгүй сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээг авах юм байна.

Мөн тухайн насны даатгуулагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээндээ товлолт хугацаанд өргөнөөр хамрагдахыг энэ үеэр уриаллаа. 

Харин бусад насны даатгуулагчид урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнийн тарифыг нь төлж хамрагдах боломжтой юм.