Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Томуугийн вакциныг ДҮҮРГИЙН эрүүл мэндийн төвүүдэд хийж байна"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс "дархлаажуулалтын 10 хоногийг" жилд хоёр удаа зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг "томуугийн эсрэг дархлаажуулалт" уриан дор аравдугаар сарын 16-наас 26-ныг хүртэл зохион байгуулж байгаа юм. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ жилийн томуугийн улиралд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян Дэлхийн Эрүүл Мэндийн төлөө” Олон Улсын байгууллага, ХӨСҮТ хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол Улсад 175,000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа юм.

Энэ сарын 13-нд эхний ээлжийн  50,000 хүн/тун вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан бөгөөд вакциныг аймаг, сум, дүүргүүдэд түгээх үйл ажиллагаа эхлээд байна.

Бид энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүн тун вакцин хүлээн авч байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжид дархлаажуулахаар төлөвлөөд байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам "Энэ удаагийн дархлаажуулалтад жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн, суурь өвчтэй иргэдийг түлхүү хамруулж байна. Энэ сарын 23-нд бага насны хүүхдүүдэд хийх вакцинууд ирнэ. 

Мөн энэ 10 хоногийн хугацаанд товлолт вакцинаасаа буюу хийлгэх ёстой вакцинаасаа хоцорсон хүүхдүүд өөрсдийн харьяа эрүүл мэндийн байгууллага дээрээ очиж хоцорсон вакцинуудаа нөхөн хийлгэх боломжтой.

Вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын нэгжүүд дээрээ очно. Тухайлбал, хөдөө орон нутагт бол аймгуудын эрүүл мэндийн нэгтгэл, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн нэгтгэл дээрээ вакцинд хамрагдах боломжтой" гэлээ.

Ингээд ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэх 2 үндсэн арга байдаг.

  • Өвөрмөц
  • Өвөрмөц бус

Өвөрмөц: Томуугийн вакцин. Жил бүр ДЭМБ-аас томуугийн вакцины найрлагыг тодорхойлдог байгаа. Яагаад гэвэл томуугийн вирус маань хурдан хувирч өөрчлөгддөг учир. Тиймээс жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай болдог. Томуугийн вакцины өртөг маш өндөр, тиймээс хүн амыг үнэгүй дархлаажуулах нь их түвэгтэй асуудлын нэг юм. Томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг жил бүрийн 9-10 сард хийдэг

Өвөрмөц бус:Хувь хүний эрүүл мэндийн боловсролтой их хамаатай. Бидний мэддэг энгийн ариун цэврийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Гарын ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай.

  1. Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг авч олон хүн цугласан газраар явахгүй байх,
  2. Дулаан хувцаслаж, сайн хооллож, унтаж амарч байх,
  3. Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохио, суга руугаа ханилгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, 2 цаг тутамд солих,
  4. Нүд, ам, хамар нь томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх,
  5. Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,
  6. Хэрэв та болон танай гэрийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
  7. Мөн ТТӨ-ий шинж илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчлэхгүй байх хэрэгтэй