Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Феррари машинаа татвараас бултуулсан Мексикийн ерөнхий прокурор огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Феррари спорт автомашинаа татвараас бултуулсан нь илэрсний дараа Мексикийн ерөнхий прокурор Раул Сервантес албан тушаалаасаа огцорч байгаагаа Даваа гарагт зарлалаа.

Эрх баригч Үндсэн Хуулийн Хувьсгалт Намын нөлөө бүхий улс төрч тэрээр ерөнхийлөгч Энрике Пена Нетод өргөдлөө илгээсэн тухай твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Тэр огцрох болсон шалтгаанаа “Мексикт нэн шаардлагатай байгаа хуулиудыг батлуулах ажиллагаанд саад болохгүйн тулд” гэж тайлбарлажээ. Тус улсын авлигатай тэмцэх газар Сервантесийг хувийн Ferrari 458 Coupe автомашинаа нийслэл Мехико хотоос гадна хуурамч хаяг дээр бүртгүүлсэн байсныг илрүүлсэн юм. Ингэснээр Мексикийн сөрөг хүчин түүнийг хууль эрх зүйн шинэчлэлийг тэргүүлэх ёс зүйгүй хүн гэж хүчтэй шүүмжилж эхэлжээ.

Зах зээлийн ханшаар $200,000-ын үнэтэй уг машиныг хэрвээ Мехико хотод бүртгүүлбэл жил бүр үнийн дүнгийн 5 орчим хувьтай тэнцэх татвар төлөх байв. Хотоос гадна хуурамч хаяг дээр үнэтэй машинаа бүртгүүлдэг нь Мексикт түгээмэл тохиолддог татвараас зайлсхийх арга ажээ.

Эхэндээ Сервантесийн өмгөөлөгч засаг захиргааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой алдаа гэж тайлбарлаж байсан ч улс төрийн тэмцэл эрчимжсэн тул ийнхүү эцэстээ огцрох шийдвэр гаргаж байна.

Сервантес нь тус улсад шинээр байгуулагдах хараат бус прокурорын албыг тэргүүлэх гэж байсан юм. Дэлхийд аллага хүчирхийллийн хэмжээгээр дээгүүрт ордог, ийм төрлийн гэмт хэргийн 99 хувь нь шийтгэл ялгүй өнгөрдөг тус улсад хууль эрх зүйн шинэчлэл чухалд тооцогдож, олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь дээрх шинэ алба байжээ.

Тиймээс Сервантес өөрийн жижигхэн алдаа нь эрх зүйн шинэчлэлтээс болгоомжилсон улс төрчдийн ашиглах зэвсэг боллоо гэж өөрийгөө өмгөөлсөн байна.

 

Эх сурвалж: AFP