Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Алт, уран сансраас ирсэн элементүүд болохыг анх удаа тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сансрын гүнд хоёр нейтрон од мөргөлдөж асар их хэмжээний алт, уран, платинум зэрэг хүнд элементүүд цацарсныг өнгөрсөн наймдугаар сард ажигласан тухайгаа астрономичид өчигдөр буюу Даваа гарагт зарлалаа.

Супер нягт одод 130 сая гэрлийн жилийн зайд мөргөлдөж, энэ нь “астрофизикийн түүхэнд шинэ хуудас” нээсэн үйл явдал болсон гэж тэд дүгнэж байна.

Хүчтэй дэлбэрэлтийн улмаас орчлон ертөнц тэр чигтээ доргиж, орон зай, цаг хугацаанд гажилт үүсгэжээ. Манай дэлхийн оршин суугчид тав дахь удаагаа татах хүчний долгионыг бүртгэсэн нь энэ юм.

Судлаачид цаг хугацаа, орон зайн гажилтаар дэлбэрэлт болсныг “сонсоод” зогсохгүй, “килонова” гэж нэрлэгддэг гэрэл, туяаны цацаргалтыг бас ажиглаж чаджээ.

Үүнээс өмнөх дөрвөн удаад зөвхөн тэрбум гэрлийн жилийн цаана байгаа хар нүхнүүдийн мөргөлдөөнийг татах хүчний долгионоор мэдэрч байсан. Тэгвэл энэ удаа харьцангуй ойрхон болсон дэлбэрэлтийг нүдээр харсан анхны тохиолдол болжээ.

 

Мөргөлдсөн хоёр нейтрон од нь маш өндөр нягтралтай. Нэг цайны халбага хэмжээтэй хэсэг нь тэрбум тонн жинтэй дүйцэх юм. Ийм өндөр нягттай, 19 км орчим диаметртэй одод харилцан таталцалд орж эргэлдсээр эцэстээ мөргөлдөж хүчтэй дэлбэрсэн байна.

Үүний улмаас татах хүчний долгион ертөнц даяар гэрлийн хурдаар тархжээ. Үүнийг нь манай дэлхийн хэт мэдрэмтгий хоёр станц болох АНУ-ын Вашингтон, Луйзиана дахь байгууламжууд бүртгэж чадсан юм. Эдгээр станцууд 2015 онд анх удаа татах хүчний долгионыг бүртгэж чадсанаар судлаачид нь 100 жилийн өмнө Альберт Эйнштэйний гаргасан онолыг баталж, энэ оны Нобелийн шагналыг хүртсэн.

АНУ дахь хоёр станц эхний долгионыг бүртгэсний дараа Италийн Вирго дахь гурав дахь станц татах хүчний суларсан долгионыг хэмжиж, оддын байрлалыг тодорхойлж чаджээ.

Үүнийхээ дараагаар тэд манай дэлхийн гол сансрын ажиглах станцуудад байрлалыг мэдээлснээр бүгд мөргөлдсөн хоёр одны зүгт дурангаа чиглүүлж, тэсрэлтийн гэрлийг ажиглажээ.

Эндээс бүртгэсэн гэрлийн мэдээллээр алт, уран, платинум зэрэг олон хүнд элементүүд цацарч байгааг баталсан байна. Удаан хугацаанд нууц байсан эдгээр элементүүдийн үүсэл нь нейтрон оддын мөргөлдөөнөөс үүсэлтэй болохыг судлаачид ингэж тогтоожээ.

Оддын мөргөлдөөн харьцангуй хөгшин галакси болох NGC4993-д 130 сая гэрлийн жилийн зайнд болсон байна. Эндээс анх татах хүчний долгион цацарч эхлэхэд манай дэлхий дээр үлэг гүрвэлүүд бэлчиж байсан гэсэн үг.

Долгионыг анх наймдугаар сарын 17-нд бүртгэжээ.

Эндээс цуглуулсан мэдээлэл нь орон орны судлаачдын олон сарын турш ажиллах материал болж байгаа гэнэ. Өөр нэг нээлт бол богино хугацаанд үргэлжилдэг Гамма туяаны тэсрэлтийн (GRB-Gamma Ray Bursts) эх үүсвэр байжээ. Энэ нь хэдхэн мили секундээс хэдэн минут хүртэл үргэлжилдэг ба шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хамгийн хүчтэй тэсрэлтэд тооцогддог.

Одоо эрдэмтэд нэг төрлийн GRB нь нейтрон оддын мөргөлдөөний дүнд үүсдэг гэдгийг мэдэж авчээ.

Варвикийн их сургуулийн доктор Саманта Оатес “Энэ нээлтээр олон арван жил тайлбарлаж чадахгүй байсан гурван асуултын хариултыг оллоо. Нейтрон одод мөргөлдөхөд юу болдог вэ? Богино үргэлжлэлтэй Гамма туяаны тэсрэлт хаанаас үүсдэг вэ? Алт зэрэг хүнд элементүүд хаанаас гаралтай вэ?” гэж тайлбарласан байна.

Орон орны судлаачид энэ нээлтийг “астрофизикт жинхэнэ утгаараа эврика момент” болсныг онцолжээ.

Эх сурвалж: Independent