Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

1964 оны Токиогийн Олимпийн бамбарын галыг унтрааснаа албаныхан хүлээн зөвшөөрчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

1964 оны Токиогийн Олимпийн наадмын үеэр залагдаж байсан бамбарын галыг мөнхөд үргэлжлүүлэн хадгалах үүрэгтэй албан хаагчид дөрвөн жилийн өмнө алдаа гаргаж, унтрааснаа өчигдөр зарлажээ.

Бамбарын гал 1964 оноос хойш баруун өмнөд Японы Кагошима хотын спорт цогцолборт “Олимпийн ариун гал” хэмээн хүндлэгдэн хадгалагдаж байсан юм.

Харин 2020 онд Олимпийн наадам дахин Токио хотод зохион байгуулагдах болсноор бараг мартагдсан байсан мөнхийн гал олны анхаарлын төвд орж ирсэн байна. Гэтэл 2013 оны арваннэгдүгээр сард буюу Токио хот Олимп зохион байгуулах эрх авснаас хоёр сарын дараа гал унтарч, дахин асаасныг албаныхан мэдээлжээ.

Тухайн үед хүмүүсийн итгэл найдварыг унтраахыг хүсээгүй албаныхан энэ талаар мэдээлээгүй өнгөрсөн гэнэ. Гэвч түүнээс хойш байгууллага, хүмүүс “ариун галыг” ашиглах хүсэлтээ ихээр ирүүлэх болсон тул үнэнийг ил болгохоор шийджээ.

Ингээд Кагошима хотын албаныхан үнэндээ ариун гал нь унтарсан, одоо шатаж байгаа галыг 2013 оны арванхоёрдугаар сард нарны гэрэл, томруулагч шил ашиглан дахин асаасан болохыг зарласан байна.

Мөн одоо шатаж байгаа галын дэргэд энэ тухай тайлбар самбар байрлуулснаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Japan Times