Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль дэх драма ҮРГЭЛЖИЛСЭЭР

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт явагдсан орон нутгийн сонгуулийн дүн гарч, Ерөнхийлөгч Николас Мадурогийн Социалист нам үнэмлэхүй ялалт байгуулав. Ингэснээр Ерөнхийлөгч Мадурогийн Засгийн газар муж улсуудынхаа захирагчдыг томилох эрхийг хуулийн дагуу баталгаажуулсан бол ялагдсан сөрөг хүчин асар том булхай явагдлаа хэмээн үзэж байна.

Учир нь сонгуулийн өмнөх санал асуулгын үеэр сөрөг хүчин томоохон ялалт байгуулах төлөвтэй байсан гэнэ. Венесуэлийн СЕХ-ны Ерөнхийлөгч Тибисей Лусенагийн зарласан албан ёсны дүнгээр Социалист нам 17 мужид ялалт байгуулсан бол тэдний өрсөлдөгч Ардчилсан холбоо таван мужид олонхын саналыг авсан. Венесуэл Улсын засаг захиргаа 23 мужид хуваагддаг бөгөөд нийслэл Каракас хот мужийн статустай юм.

Үнэмлэхүй ялалт байгуулсандаа баярласан Ерөнхийлөгч Мадуро сонгуулийн дараа улс орон даяар үг хэлэхдээ өмнөх Ерөнхийлөгч Уго Чавезийн нэрийг хэдэнтээ дурдаж, “Чавизм амьд байна, ялалтын дуугаа цуурайтуулж байна” гэснийг барууны хэвлэлүүд онцолж байна. Чухам энэхүү мөчөөс хэдхэн минутын өмнө сөрөг хүчний удирдагчид Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмждэг СЕХ үлэмж хэмжээний ялалтыг маань булаах гэж байна хэмээн зарласан.

Тэдний үзэж буйгаар сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой байжээ. Энэ талаар сонгуулийн үйл ажиллагааг удирдсан Жерардо Блайд “Бидэнд эргэлзсэн, үл итгэсэн маш ноцтой нөхцөл байдал бүрдлээ” гэж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дурдсан.

Сөрөг хүчний удирдагчдын мэдэгдэл баримт, нотолгоогүй байсан учир ард иргэд ихээхэн жигшиж, зэвүүцсэн байдалтай угтаж авсныг ажиглагчид тэмдэглэсэн байна. Өнгөрсөн долоодугаар сард болсон хууль тогтоох дээд байгууллагын сонгуульд нэг сая орчим саналыг санал тоолох машинаар луйвардсан гэж эрх баригчдыг сэжиглэсэн. Тиймээс тус улсын СЕХ аравдугаар сарын 15-ны өдөр Лондонд төвтэй “Смартматик” компаниас татгалзаж, өөр компанитай гэрээ байгуулсан аж. Венесуэлд Ерөнхийлөгч Уго Чавезийн үхлээс хойш улстөрийн хувьд үүссэн тогтворгүй байдлаас болж сонгууль бүрийн дараа гардаг улс төрийн “драма” энэ удаа ч зүй тогтлоо алдсангүй.

ДҮНГЭЭС ГАДНА ОНЦЛОХ НЬ

Сонгуулийн дүн, улс төрийн хүчнүүдийн байр сууриас гадна цөөнгүй онцлууштай үйл явдал болж өнгөрлөө. Сонгуулийн өмнөхөн авсан сонгогчдын хандлагын судалгаагаар сөрөг хүчний дэмжлэг 44.7 хувьтай, Засгийн газрын дэмжлэг 21.1 хувьтай гарсан нь ажиглагчдын анхаарлын төвд ороод байна.

Ерөнхийлөгч Мадурогийн дэмжлэг, түүнийг хүлээн зөвшөөрч буй иргэд ердөө 23 хувьтай байсныг энд онцолъё. Харин нөгөө талаас сөрөг хүчний ялалт байгуулсан таван муж улсад Андын нурууг даган оршдог Мерида болон Тачира муж, түүнчлэн газрын тосны гол эх үүсвэр болох Зулиа муж багтсан нь ажиглагчдын анхаарлаас мултарсангүй. Засгийн газар эсрэгээрээ хүн амын төвлөрөл ихтэй мужуудад үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Жишээ болгон дурдахад, нийслэл Каракас хотын багагүй хэмжээг өөртөө багтаадаг Миранда мужид Социалист намын өсөх ирээдүйтэй, шинэ дүр төрхөөр яригдаж буй Хектор Родригез “ямар ч асуудалгүйгээр” олонхын саналыг өөрийн болгож чадсан. Түүнээс гадна Уго Чавезийн дүү Аргенис Чавез Венесуэлийн улс төрд хөл тавьж байгаа юм. Тэрбээр харьцангуй хөдөө аж ахуйн салбарт суурилсан Баринас мужаас сонгогдсон. Эндээс дүгнэхэд улс төрийн голлох хоёр хүчний хувьд “хүссэнээ" авч чаджээ. Бас Мадурогийн залгамжлагчид ч албан бусаар тодроод эхэлж.

ИТГЭМЭЭРГҮЙ БАС ТАЙЛБАРЛАШГҮЙ

Засгийн эрх баригч Социалист нам 23 мужаас 20-д нь бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байсан. Тийм учраас санал асуулгын үеэр эдийн засгийн хямрал, гачигдал, өлсгөлөн зэрэг шалтгаанаар сөрөг хүчин сонгуульд давуу оролцон хэмээн таамаглаж байв. Сөрөг хүчний таван ялалт тэдний 2012 оны мужийн захирагчийн сонгуулийн үр дүнгээс даруй хоёроор илүү боловч, төлөвлөсөн 19 ялалтаас 14-өөр бага үзүүлэлт. Ардчилсан холбооны төлөөлөгч Рамон Авеледо дүгнэлтээ дараах хоёр үгээр илэрхийлсэн.

“Итгэмээргүй бас тайлбарлашгүй”. Сонгуулийн цочирдом дүн сөрөг хүчний тэргүүлж, зохион байгуулж байгаа жагсаалыг бүх нийтийг хамарсан үймээн самуун болгож хурцатгах төлөвтэй байгааг ажиглагчид хэлж байна. Дөрвөн сарын өмнөөс эхэлсэн жагсаал 125 хүний амийг авч, хэдэн мянган хүнийг хүндээр бэртэхэд хүргэсэн. Мөн эд баялагт хэмжээлшгүй их хохирол учруулсныг энд дурдах хэрэггүй биз ээ. Венесуэл Улсын иргэд Ерөнхийлөгч Мадурог гаднын улс орнууд “Дарангуйлагч” хэмээн цоллож байгааг үндэсний хувьд гутамшиг гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн. Дэлхий дахинд социалист тогтолцоог үзэн ядах, гадуурхан хавчих хандлага улам л эрчимжсээр байгааг сүүлийн үед болж буй үйл явдлууд тодорхой хэмжээнд нотлох шиг.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгч Мадуро болон түүний Засгийн газрын нөлөө бүхий гишүүдэд хэд хэдэн хориг тавиад цаашид ч хоригоо чангатгана хэмээн анхааруулсан. Түүнчлэн Европын холбоо Венесуэлийн Засгийн газарт хориг тавихаар хэлэлцэж буй юм. Энэ маягаараа нөхцөл байдал өөрчлөгдөхгүй төлөвтэй болсон учир сөрөг хүчин өнгөрсөн сард Доминикан Улсад эхлүүлсэн хэлцлээ зогсоох бололтой.

Шинжээч Раул Галлегос “Хэрвээ бид энгийн тоо баримтад итгээд Венесуэл Улсыг бүхэлд нь хамарсан энэ бухимдалд анхаарал хандуулахгүй бол болохгүй. Сонгуулийн дүнг дэглэм хүссэнээрээ өөрчилж, эрх мэдлээ хадгалах чадамжтай гэдгийг энэ санал хураалт харуулж байна” гэв. Түүний хэлснээс онцлоход “Энэ бол хэнээс ч айдаггүй дэглэм”.

ЭРХ чөлөө эсвэл?

Сонгуулийн кампанит ажлын үеэр Засгийн газар нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөрт улсын хөрөнгө, нөөц баялгийг либерал зарчмаар зарцуулна гэж тусгасан. Өмнөх удирдагч Уго Чавезийн нэвтрүүлсэн сонгууль бүрийн өмнөх үүнтэй ижил төрлийн амлалтаас ард түмэн нэгэнт залхжээ. Популист амлалтууд эдийн засгийн хямрал, улс төрийн цөвүүн цагаас өөр зүйл тус улсад авчраагүй гэдэг бултах аргагүй үнэн. Гэхдээ Венесуэлд тулгамдаад байгаа асуудлыг нэг өнцгөөс, тодруулбал тодорхой чиг хандлага, үйл ажиллагаагаар зохицуулах боломжгүй.

Баруун Маракайбо хотын иргэн Франкелси Ансианна саналаа Засгийн газрын талд өгөх нь улс орондоо энх тайвныг хүсэж буйн илрэл гэж тайлбарласан бөгөөд терроризмыг хэн ч хүсэхгүй хэмээн хариулсан. Эндээс сөрөг хүчний жагсаал нийгмийг эмх замбараагүй байдалд хөтлөх, цаашлаад тусгаар тогтнолд аюул заналхийлэх вий гэсэн үүднээс иргэд Засгийн газрыг дэмжиж байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас Мадурогийн засаглал үр дүн муутай байгаа нь ч үнэн.

Ерөнхийлөгч Мадуро бүх мужийн захирагч нарт өнгөрсөн долоодугаар сард сонгогдсон Үндсэн хуулийн ассамблейд үнэнчээр зүтгэхээ амлах ёстой гэж хэлсэн нь Латин Америкт дөрвөн жилийн өмнөөс хэмжээ нь томорсоор байгаа галан дээр тос цацсан явдал болов. Конгресст олонх сөрөг хүчин байтугай бусад бүх байгууллагаас эрх мэдлээр давуу гүйцэтгэх засаглалын биетийг Ардчилсан холбоо хүлээн зөвшөөрөөгүй учраас л жагсаал цуглаан хурцадмал төлөвт шилжсэн билээ.

Сонирхуулахад, СЕХ сонгуульд сөрөг хүчнийг хавчих бодлого баримталсан талаар мэдээлэл байна. Учир юу вэ гэвэл санал хураах 273 төв байгуулснаас ихэнхийг нь сөрөг хүчний дэмжлэгтэй бүсээс хол байршуулсан. Түүнчлэн саналын хуудсанд анхан шатны сонгуулиар хасагдсан сөрөг хүчний нэр дэвшигчдийг хасалгүй оруулснаас болж сонгогчдыг эргэлзээнд оруулж, санал хуваасан байх магадлалтай байна.

Зураг