Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Панамын бичиг баримтын мөрөөр сурвалжилж байсан Мальтын сэтгүүлч машинд байрлуулсан бөмбөгөнд өртжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагийн үдээс хойш Газрын дундад тэнгисийн арал улс Мальтад 53 настай сэтгүүлч Дапне Каруана Гализиа машинд нь байрлуулсан бөмбөгний тэсрэлтэд өртөж амиа алджээ.

Гализиа нь эрэн сурвалжлах чиглэлд ажиллаж байсан сэтгүүлч юм. Мальта улсаас Панамын бичиг баримтууд гэх дуулианд холбогдсон мэдээллийг мөрдөж байсан түүнийг Европын хэвлэлүүд “one-woman WikiLeaks” гэж нэрлэж байжээ.

 

Түүний хөтөлдөг блогт зарим өдөрт 400,000 уншигч нэвтэрдэг байсан нь хэр нөлөөтэй байсныг харуулж байна. Гализиа өнгөрсөн дөрөвдүгээр сард Мальтын ерөнхий сайд Жозеф Мускат болон түүний хоёр туслахын холбоотой офшор компаниудын талаар мэдээлж байжээ. Тэднийг Азербайжаны засгийн газартай холбоотой авлигын хэрэгт сэжиглэж байсан юм.

Саяхан Азербайжаны үндэсний газрын тосны компани Мальтын шинээр баригдаж байгаа цахилгаан станцын хувь эзэмшигч болсон.

Мальтын ерөнхийлөгч Мари Луйз Колейро Прека “Улс орон маань аймшигтай халдлагын улмаас цочролд ороод байгаа энэ үед хүн бүрийг хэлэх үгээ цэгнэж, яаран дүгнэлт хийлгүй, эв нэгдэлтэй байхыг уриалж байна” гэжээ.

Гализиа 15 хоногийн өмнө амь насанд нь халдах сүрдүүлэг хүлээж авснаа цагдаад мэдээлж байсныг орон нутгийн хэвлэлүүд дамжуулсан байна.

 

Эх сурвалж: Business Insider