Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Бага насны хүүхдээ хардаг ээж 100 сая төгрөгийн АЗТАН болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

НӨАТ-ын мэдээлэл технологийн төвд өнөөдөр 2017 оны наймдугаар сард хэвлэгдсэн баримтуудад явуулсан сугалааны азтануудад батламж гардууллаа.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил есөн сарын хугацаанд нийт дөрвөн азтан 100 сая төгрөг хожсоны хамгийн сүүлийнх нь өнгөрсөн наймдугаар сарын тохирлоор тодорчээ. 100 сая төгрөг хожсон бүсгүй 27 настай бөгөөд баримтаа идэвхтэй бүртгүүлж, хадгалдаг гэв.

Түүний сэтгэгдлийг сонслоо.

100 сая төгрөгийн азтан Х.Батдулам “Вива сити хороололд байрлах “Макото” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн бараа худалдан авч 100 сая төгрөгийн азтан болсондоо баяртай байгаа.

Анх утсанд мессеж ирснээр азтан болсон гэдгээ мэдсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Ebarimt-ын сугалаанд итгэдэггүй байсан ч үнэн гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

Миний хувьд охиноо хараад гэртээ байдаг. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэв.

Мөн өнөөдөр 4 сая төгрөгийн гурван азтан ирж шагналаа гардаж авлаа. Харин 20 сая төгрөгийн азтан өөрийн биеэр ирж амжаагүй байв.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд НӨАТ-ын 27 удаагийн сугалааны тохирол явагдаж, нийт 269 мянга гаруй азтан 6.9 тэрбум төгрөгийн хонжвор авчээ.