Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн арми Курдын зэвсэгт бүлэглэлтэй тулгарчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Иракаас салан тусгаарлах эрмэлзлэлтэй Курдистаны газрын тосны том төв болох Киркук хотыг өчигдөр Иракийн арми эзлэхээр хөдөлжээ. Ерөнхий сайд Хайдар Аль Абадигийн тушаалаар дээрх ажиллагааг зохион байгуулсан гэнэ.

Талуудын мэдээлж байгаагаар Иракийн арми болон Курдын зэвсэгт бүлэглэл (Пешмерга) хооронд харилцан гал нээж, олон тооны Курдын дайчид шархдсан байна.

Киркук хотын захирагч Нажмалдин Карим оршин суугчидаа гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн, Курдын Пешмерга хүчнийхнийг дэмжиж байгаагаа харуулахыг уриалжээ.

АНУ-ын батлан хамгаалах яам Ирак, Курдын талуудад дахин мөргөлдөөн хийхгүй байхыг уриалж, ингэх нь Исламын улс бүлэглэлтэй хийж буй дайнд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулсан байна.

Америкчууд Иракийн арми болон Курдын Пешмерга хүчнийхэнд аль алинд нь зэвсэг нийлүүлсэн ба үндсэн зорилго нь Исламын улс бүлэглэлийг дарах байсан юм.

Ням гарагийн орой АНУ-ын төрийн департмент мэдэгдэл гаргаж, мөргөлдөөн гарсанд санаа зовж байгаагаа илэрхийлэн, Киркукийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэсэн байна. Дээрх газрын тосны баялаг нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа Даваа гарагт дэлхийн газрын тосны үнэ ханш өссөн тухай мэдээлжээ.

Курдистаны засгийн тэргүүн Масуд Барзани өөрийн зэвсэгт хүчиндээ түрүүлж гал нээхгүй байхыг, хэрвээ довтолбол хариу гал нээх тушаал өгсөн тухай түүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Киркукийн орчмын зарим газрын тосны ордуудыг эзлээд байгаа Иракийн арми хотын баруун хэсэгт орших K1 нисэх буудлыг эзлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Иракийн хойд хэсэгт орших Курдистаны автономит мужид тусгаар тогтнолын санал асуулга явагдсаны дараа Иракийн төв засгийн газар, автономит муж болох Курдистаны захиргаа хоёрын хооронд зөрчил хурцадсан юм.

Санал асуулгын дараа Ирак, Иран, Турк улсууд Курдистанд тал талаас нь эдийн засгийн болон цэрэг зэвсгийн шахалт үзүүлж эхэлсэн.

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Ирак, Курдын талууд Киркук хот руу цэрэг, зэвсгээ бөөгнүүлж эхэлсэн юм. Киркук хотыг Иракийн арми Исламын улс бүлэглэлд алдаж ухарсны дараа 2014 оны дундуур Курдын Пешмерга хүчнийхэн чөлөөлсөн ба тэр цагаас хойш Курдын Пешмерга хүчний хяналтад байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian