Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Могул таун" хотхоны 350 гаруй айл халаалтгүй байна гэв

Т.Саран, iKon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Зайсан дулаан өргөө” СӨХ, “Могул таун” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэд галын аюултай нөхцөлд байх боллоо

Тэд "Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11-р хорооны Могул таун хотхоны оршин суугчид “Могулскай” ХХК-н хариуцлагагүй байдал, өр төлбөрийн маргааны улмаас тус хотхоны 350 гаруй айлын 2,000 гаруй хүний эрүүл мэнд амь нас, онц их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, улмаар цахилгааны хэт ачааллын улмаас шатах эрсдэлд ороод байна. 

Хотхоны иргэд даарч бээрэхийн эрхэнд олноороо цахилгаан халаалт залгах үед цахилгааны утас, кабель, гал хамгаалагч ачаалалаа дийлэхгүй хайлж шатаж галын аюултай нөхцөлд байх боллоо.  

Мухардалд орсон энэхүү асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амь нас эрсдэх, их хэмжээний эд хөрөнгө хөлдөх, шатах аюулаас нэн яаралтай сэргийлэх шийдэл нь уг магистрал шугам, ЦТП-г улсын өмчид хүлээн авах учиртай. 

Одоогоор 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа 1,7км, 300 мм голчтой дулааны хос шугам, 200 мм голчтой цэвэр усны хос шугам, 160квт 3ш насос, 10Мвт 3ш ялтаст дулааны солилцуур бүхий ЦТП буюу дулаан дамжуулах төвийг хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа.  

Гагцхүү гүйцэтгэгч компаниудад төлж барагдуулах ёстой төлбөрийн үлдэгдэл 600 сая төгрөгийг шийдвэрлэснээр улс 3 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий шугам, инженерийн байгууламжийг өөрийн мэдэлд авах боломж бүрдэх юм. 

Ингэснээр уг шугамаас дулаан хангамжаа авдаг 4,000 гаруй хэрэглэгч дулааны найдвартай эх үүсвэрээр хангадахын сацуу эдийн засгийн тооцоо талаасаа ч дулаан хангамжийн сүлжээнээс төвлөрүүлэх орлого нэмэгдэж, дундын зуучлалын зардал танагдаж таатай нөхцөл бүрдэнэ" гэлээ.