Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Жээнбеков Киргизийн ерөнхийлөгчөөр сонгогджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Сооронбай Жээнбеков

Ням гарагт болж өнгөрсөн Киргизистаны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын талын хүн болох Сооронбай Жээнбеков 54 гаруй хувийн саналаар ялсан болохыг урьдчилсан дүн харуулжээ.

Саналын 97 орчим хувийг тоолсны дараах байдлаар түүний гол өрсөлдөгч Омурбек Бабанов 34 хувийн санал авсан байна. Сонгуулийн ирц 50 гаруй хувьтай байсан тул сонгууль хүчинтэй болж, мөн хоёр дахь шатны санал хураалт явагдахгүйгээр болж байгаа юм.

Атамбаев нь үндсэн хуульд заасны дагуу хоёр дахь удаагаа сонгогдох боломжгүй болж байгаа. Түүнийг залгамжлахаар 11 хүн өрсөлдсөний дотор нэг эмэгтэй байв.

Эдгээрээс тэргүүлсэн гурван нэр дэвшигчид болох Бабанов, Жээнбеков, Тэмир Сариев нар бүгд Атамбаевын үед ерөнхий сайдын алба хашиж байсан тул Орос, Хятадын нөлөөг тэнцүүлэх уламжлалт бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн хүлээлт байгаа.

 
Омурбек Бабанов

Хэрвээ сонгууль будилаангүй, хэрүүл тэмцэлгүй болж өнгөрвөл 1991 онд байгуулагдсанаасаа хойш энэ улсын анхны тайван замаар төрийн эрх шилжсэн тохиолдол болох юм.

Зургаан сая хүн амтай Киргизистаныг хуучин ЗХУ-аас салсан таван “стан” улсууд дотроос анхны парламентын ардчилсан засаглалтай улс гэж үзэж болно. Бусад улсууд нь нэг хүний дангаар захирах ёсыг дагадаг юм.

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигч Бабановыг Казахстан улсын эрх баригчид илт дэмжиж, ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хүлээн авч уулзаж байснаас Казах-Киргизийн хооронд үл ойлголцол бий болж, сонгуулийн үеэр Киргизистанд гадаадын дэмжлэгтэй үймээн самуун дэгдэж болзошгүй байгааг ерөнхийлөгч Атамбаев анхааруулж байсан юм.

47 настай Бабанов нь чинээлэг бизнесмэн бөгөөд тус улсын хойд хэсэгт газрын тосны бизнес эрхэлдэг нэгэн ажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty