Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн түүхэнд хамгийн олон хүний амийг хөнөөсөн халдлага Сомалид боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт зүүн Африкийн Сомали улсын нийслэл Могадишуд хоёр дараалсан дэлбэрэлт болж, 200 гаруй хүн амиа алдсан нь Африкийн түүхэнд хамгийн олон хүний амийг хохироосон террорист халдлагад тооцогдож байна.

Үүнээс гадна 100 гаруй хүн шархдаад байгаа юм. Сомалийн ерөнхийлөгч Мохамед Абдуллахи Фармаажо үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлаж, хохирогсдод зориулж цусаа хандивлахыг иргэдэд уриалсан байна.

Ерөнхийлөгч “Өнөөдрийн аймшигтай халдлага манай ард түмний зовлон шаналалыг зогсоохын тулд дайснууд юу ч хийхгүй гэдгийг баталлаа. Терроризмийн эсрэг тэмцэцгээе” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Бямба гарагт Могадишу хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд бөмбөгтэй ачааны машин нэвтэрч, дэлбэрсэн байна. Үүнээс хоёр цагийн дараа хотын өөр нэг хэсэгт хоёр дахь дэлбэрэлт болжээ.

Сүүлийн байдлаар 250 орчим хүн амиа алдсан нь тодорхой болоод байна. Хэлмэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэхээр байгаа юм. Одоогоор халдлагыг үйлдсэнээ зарласан байгууллага гарч ирээгүй байгаа ч Аль Шабааб исламын зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэдэг нь бараг тодорхой байна. Аль Шабааб нь Аль Кайда бүлгийн холбоотон гэгддэг.

Нэгэн үе Сомалийн ихэнх хэсгийг мэдэлдээ оруулаад байсан Аль Шабааб бүлэглэлийг 2011 онд Африкийн Холбооны энхийг сахиулагчид, Сомалийн зэвсэгт хүчин хамтран Могадишу хотоос хөөж чадсан юм.

Гэсэн хэдий ч Аль Шабааб бүлэглэл Сомалийн ард иргэдийн эсрэг террорист ажиллагааг тасралтгүй явуулсаар иржээ. Сүүлийн гурван жилд тэд тэсрэх бодисын хүчин чадлыг нэмэгдүүлж чадсанаар нэгж халдлагын хохирогчдын тоо эрс нэмэгдэх болсон байна.

 

Эх сурвалж: Reuters