Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлөг онгоцны тансаг аяллаар хүн бүхэн аялах боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 16
Сурталчилгаа

Тэнгэр трэвел ХХК дахин нэг шинэ гайхалтай сайхан аяллаа танилцуулаад эхэллээ.  Тэд хүсэл мөрөөдлийн Хөлөг онгоцны аяллаар хүн бүхэн аялах боломжийг бий болгосон байна.

2017 оны 10-р сарын 04-өөс  Хятад улсын Шанхай хотоос Японы Нагасаки хотыг зорин зах хязгаар нь үл харагдах хөх цэнхэр хөлгүй далайн мандал дээгүүр инээд баяр хөөр, адал явдлаар дүүрэн аз жаргалыг тээж яваа  хүн бүрийн  хүсэл мөрөөдлийн Хөлөг онгоц болох дэлхийн хамгийн том гайхамшиг “Quantum of the seas”  буюу Тэнгисийн квант хэмээх  хөлөг онгоцоор  аялаад ирсэн хэзээ ч мартагдахын аргагүй Сайхан аяллын Нандин дурсамжаа эргэн сөхөж та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. 

 

Аялал бүр өөр өөрийн өнгө, амт чанар дүр төрхтэй байдаг. Энэ  аялал миний хувьд ер бусын онцгой нэгэн сайхан аз жаргалтай дурсамжийг үлдээгээд зогсохгүй “Хөлөг онгоц”-ны аялалд дурлуулчихлаа. Миний найз надад ээ дээ наад аялал чинь  донтуулдаг юм шүү гэж хэлж байсан үнэхээр  тийм юм байна. Би гэр бүлтэйгээ хамт  энэ Хөлөг онгоцны өөр чиглэлрүү нь дахин аялахаар төлөвлөөд  эхэлчихсэн шүү.  

Тэнгэр трэвел компани энэ аяллын олон чиглэлийг бидэнд гаргаж өгч байгаа нь хүслээ биелүүлж хүүхдээ баярлуулж гэр бүлийн аз жаргалтай нандин дурсамжийг бүтээх бүрэн боломжийг минь  бий болгосонд баяртай байна.

Энэхүү аз жаргал баяр хөөр тээгч хөлөг онгоцонд маань 2 настай бяцхан аялагчаас эхлээд 80 гарсан буурлууд хүртэл тав тух тансаг бүхнийг мэдэрч инээд баяслаар цалгиж байлаа. Хөлөг онгоцоор аялах аялал нь гэр бүлээрээ аялах хамгийн гоё аялал яах аргагүй мөн гэж тодотгомоор байна. Аялал маань Шанхай хотоос эхэлсэн юм. Дорнын сувд хэмээн нэрлэгдэх Шанхай хотыг үзсэн хүн бүхэн дуу алддаг гэж сонссон. Би бас тэдний л нэгэн адил WoW хэмээн дуу алдсан юм. Шанхайн үзэмж төгөлдрийг биширч хотын  үзэсгэлэнт хэсэг болох Пүү мөрний эргээр зугаалж Вай-Тан хэмээгдэх жуулчдын хамгийн их  очдог газраас Шанхай  хотыг тольдох мөчид  хотыг чимсэн  мөрний хоёр талын  эргийн дагуух байшин барилгын архитектур дизайны өөрчлөлт нь Шанхай хотын он цагийн урсгалруу өөрийн эрхгүй намайг хөтлөн оруулах  шиг санагдсан.

Нээрээ л Дорнын сувд болсон  гоо үзэмжээрээ бусдыг далласан сайхан хот юмаа гэж шагшин ярилцаж,  хүн бүр өөр өөрсдийн зургаа тэрхүү мөчийг алдахгүй гэсэн шиг л дахин дахин даруулцгааж байлаа. Яг л уралдаанд оролцоод  намайг  одоо гүйцэх үү гэж бие биенээсээ асууж буй  мэтээр зэрэгцэн сүндэрлэн боссон  өндөр өндөр цамхгууд үдшийн бүрийд үдэшлэгт оролцохоор гоёсон гоо бүсгүйн адил өөр өөрийн үзэмжээрээ гайхуулан өнгө  өнгийн гэрлээр гялалзан гэрэлтэх нь бас л нэг биширмээр байсан.

Бид тэдгээр тэнгэр баганадсан сүрлэг цамхгуудаас Шанхай хотын  хамгийн өндөр цамхаг болох  “Top of the Shanghai tower” гэж нэрлэгдэх  118 давхрын оройд гарч Шанхай хотыг гарынхаа алган дээр  тавьсан юм шиг тольдон харлаа. Бүхнээс өндөрт гарч ирээд л хамгийн дээрээс хотыг бүхлээр нь харах нь бас их сайхан юм байна лээ. Та нар ч гэсэн энэ цамхаг дээр заавал гараарай.  Бид энэ үдэш  хөл хөдөлгөөн ихтэй Шанхайн худалдааны өргөн чөлөө болох Нанжин гудамжаар бас  зугаалаад амжсан шүү.

 
 

Аяллын маань хоёр дахь хэсэг буюу миний аяллын хамгийн  амттай үе Тэнгисийн квант хөлөг онгоцон дээр гарсан цаг мөчөөс эхэлсэн. Би их завгүй байсан.  Учир нь энэ том онгоцны өнцөг булан бүрд л гайхамшиг үргэлжилж байсан тул тэр бүхнээс хоцрохгүй байхыг хичээгээд л байлаа.  Энэ хөлөг онгоцонд суунгуут л надад яг л нэг хүн бүхнийг аз жаргалаар дүүрэн байлгахад зориулагдсан  тийм л нэг том хотруу ороод явчихсан мэт сэтгэгдэл төрснийг нуух юун.

Аяллаар яваа хүмүүс тав тухтай тансаг буудалд унтаж  амарч тааваараа  явдаг хэдий ч  Хязгааргүй уудам цэв цэнхэрхэн далайгаас  холын холд амьдардаг миний хувьд онгоцны 16 давхрын тавцан дээр гараад өглөөний наран далайд мандах, үдшийн наран далайд жаргахыг харах нь хүртэл тэр чигээрээ л сэтгэлийн гүнээс аз жаргалын инээмсэглэлийг бэлэглэж дуу алдахад хүргэж байсан тул далайн давлагаанд бүүвэйлэгдэн унтахыг хүссэнгүй.

Хөлөг онгоцыг  бүхий л талаас нь сонжин судалж холын гийчний нүдээр эргэн тойрныг ажих бүрийд л сонин содон юмс нүднээ тусаж  сонирхлыг минь улам их татаж байлаа.

 
 

Тэнгисийн квант хөлөг онгоц нь 168 мянган тонн жинтэй, 348м урттай, 41м өргөнтэй, 16 давхартай бөгөөд  4160 зорчигч,  хөлгийн 1500 ажилтанг тээвэрлэх хүчин чадалтай ба нийт  2090 өрөөтэй гэсэн албан ёсны мэдээллийг олж авлаа.

Энэ онгоц нь дэлхийн хамгийн  том, хамгийн тансагт тооцогддог бөгөөд  хөлөг онгоцонд казино, кинотеатр, спорт заал, усан сан, хүүхдийн парк, татваргүй барааны дэлгүүрүүд, залуучуудад зориулсан цогцолбор гээд нэрлээд байвал  олон сонирхолтой зүйлүүдээр дүүрэн байлаа

 
 
 

18 төрлийн ресторан  кафе зоогийн газрууд  4000 гаруй хүнд үйлчлэхээр ургах нарнаас урьтаж  ажиллаж  биднийг хоолондоо орохоор очиход нүүр дүүрэн инээмсэглэсэн үйлчлэгч залуусын угтан мэндчилж байгаа нь ч таатай. Та хүссэн ресторандаа орох боломжтой бөгөөд  энд буфет болон тав тухтай суугаад хоолны захиалгаа менюнээс сонгоод үйлчлүүлэх боломжтой гэсэн хоёр  төрлийн рестораны  сонголттой гэж ойлгож болно.   

Бидний  хувьд аяллын хугацаанд бүхий л ресторануудаар нь орж үйлчлүүлэн хоолны амтыг нь мэдэрч амжсан шүү. Хоол нь ярих юмгүй янзтай амттай. Ази Европ, Америк  гээд бүхий  л үндэстнүүдийн  идэх амттай хоолноос сонголтоо хийх нь таны л мэдэх асуудал гэсэн үг.

Алсын алсад дуусашгүй мэт үргэлжлэх уудам цэнхэр  далайг ширтэн хөлөг онгоцны тавцан дээр хөх  тэнгэрийн доор далайн давлагааг наадуулагч зөөлөн салхиар илбүүлэн  зоог барих нь бас л миний мөрөөдлийг минь  биелүүлэхээр бэлтгэсэн  гэлтэй.  Мөн өдөр, оройн зоогийг өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн дизайны давтагдашгүй шийдлээр тохижуулсан дээд зэрэглэлийн тансаг ресторанд сонгодог хөгжмийн намуухан аясаар сэтгэлээ бүүвэйлүүлэн тусгайлан зассан ширээн дээр ази, европ маягийн нүүрэндээ инээмсэглэл тодруулсан энэ өдрийн хоолыг зөвхөн надад л зориулан бэлтгэсэн  мэтээр үйлчлэх  найрсаг залуусаар үйлчлүүлэн арааны шүлс асгарам амттай сайхан хоол, амттануудаар дайлуулан аялах нь бас л нэгийг өгүүлж байсан шүү.

 
 

Аялагчдад зориулан хөлөг онгоцон дээр өдөр бүр дахин давтагдашгүй хөгжилтэй үйл ажиллагаанууд тухайн өдрийн хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд тэр бүхнийг чадварлаг сэргэлэн Ази охин, Америк залуу  хоёр хөтөлж бүгдийг доргиож байлдан дагуулж чадаж байлаа. Хэзээ, хаана ямар үйл явдал болох бол гэж санаа зоволтгүй. 

Өдөр бүр өрөөний үйлчлэгч Филиппин магадгүй энэтхэг маягийн  залуус ванны алчуурыг минь ямар нэгэн амьтны дүрс хэлбэрээр эвхэн орон дээр минь байрлуулан маргаашийн хөтөлбөрийг дэргэд нь  тавьсан байдаг нь  “Сайхан аялаарай, тав тухтай хөгжилтэй байгаарай” гэсэн мессежийг бидэнд өгч байна гэж ойлгогддог. Тэдгээр ванны алчуураар хийсэн амьтан юу вэ гэсэн таавар ч бидний ярианы сэдэв болж баясгаад л өгнө шүү дээ.

Өглөө, өдөр, оройн үйл ажиллагаа, шоу тоглолтууд  хөлөг онгоцны хэдэн давхарт хаана ямар газар болохыг хөтөлбөрт тодорхой бичиж өгсөн байдаг.  Тухайн бүх зүйлд оролцож амжихгүй ч хөтөлбөрөө хараад өөрөө сонгож  сонирхсон зүйлээ үзэж, өөрийгөө сорих адал явдалт тоглоомоороо тоглож, сонин содон өнгө дизайнтай баар кафегаар үйлчлүүлж мөн хөгжмийн зааланд үдшийн үдэшлэгт оролцож бүжиглэж, англи дуу дуулж, караокед дуулж,  казинод тоглож, компьютер тоглоом, электрон тоглоомоор тоглохоос гадна спорт зааланд зохиогдох арга хэмжээнүүдэд оролцох  боломжтой.

Хөлөг онгоцон дээр явагдаж байгаа  бүх шоу арга хэмжээнүүд өөр хаа нэгэн газар болдоггүй гэдгээрээ онцгой содон сайхан байсан. Гэхдээ хөлөг онгоцны хоёр том театрт  үгээр хэлж дүрслэхийн аргаагүй гайхамшигтай тоглолтууд өдөр бүр 1-2 удаа явагддаг байсан. Өдөр бүрийн театрийн жүжигчин, бүжигчдийн тоглолтыг би л хувьдаа тэсэн ядан хүлээж байгаад л үздэг байлаа.

Тоглолт үзээд гарч ирэх болгондоо дуу алдаж гайхан магтаж нэг хэсэгтээ л бид хэд тэр тоглолтын номер бүрийг бишрэн шагшиж ярьдаг юм. Энэ аяллын онцгой заавал алгасалгүй үзэх  хэсгүүдийн нэг гэж хэлмээр байна. Яг л энэ театрын жүжигчид маань биднийг баясгаж гайхалтай тоглолтоо хийхээс гадна бяцхан аялагчдад минь зориулсан хүүхэлдэй киноны баатруудын дүр төрхийг илэрхийлж тэдний хамгийн дуртай үздэг тэр л баатруудыг нь амилуулсан тоглолтыг хийж өгдөг.

Тэд маань үлгэрийн ертөнцөд үлгэрийн баатруудыг амьдаар нь харж байгаа мэт л харагдаж байна лээ.

Энэхүү аяллын хамгийн сонирхолтой адал явдалт арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь Хөлөг онгоцны хамгийн хойд талын 16 давхрын тавцан дээр болдог. Өөр хаана ч үзэж чадахгүй зөвхөн энэхүү “Quantum of the seas” онгоцны онцгойрсон нэг зүйл нь вакуумжсан шилэн цилиндр маягийн хоргонд агаараас шүхрээр, магадгүй винесютээр бууж байгаа мэдрэмжийг төрүүлэхээр агаарын нисэлт хийх  боломжийг олгож өгдөг юм.

Энэ нь хамгийн их эрэлт ихтэй байна лээ.  Хүн бүр л энэ онгоцонд аялж байхдаа үүнийг үзэхийг хүсэж байгаа тул очер ихтэй байсан. Гэхдээ аль болох үйлчилгээний газарт нь очиж бүртгүүлээд төлбөрөө төлсөн нөхцөлд наранд зогсож очерлох хэрэггүй цагтаа хүрээд ирэхэд л болно. Бид ч гэсэн яг энэ мэдрэмжийг авахыг хүссэн тул нисэж үзсэн шүү. Хэдхэн хором ниссэн ч гэсэн дахин дахин нисмээр л байсан.

Айдас харин байгаагүй хамгийн гол нь үнэхээр сайхан байсан шүү гэдгийг хэлье. 

 
 

Өөр нэг сонирхолтой зүйл нь далайн давлагаанд наадаж үзээгүй бидний хувьд  хөлөг онгоцны хойд хэсэгт давлагаа наадуулж үзэх боломжийг өгч байгаа нь гайхамшиг байлаа.  Далайд Surfing хийж үзсэн шүү гэж хэлэхээр болсон доо.

Би чадахгүй ээ гээд дөлөөд явах биш ийм сайхан боломжийг алдахыг хүсээгүй айдсаа ялан давахыг хүссэн. Айх аюул байхгүй үргэлж дэргэд чинь дасгалжуулагч хамтдаа байдаг тул янзтай сайхан байсан шүү л гэж хэлмээр байна. Давлагаа наадуулагч...

 
 

Хөлөг онгоцны маань энэ хэсэгт мөн онгоцон дээрх 12 метрийн өндөртэй хиймэл хадруу  авирах нь эрч хүч энерги ялгаруулахаас гадна өндөрт гарахаас айдаг миний хувьд айдсаа ялж авиралт хийж үзсэн нь сорилт болсон.  

 
 

Харин энэ хэсгийн дотор танхимд өдөр бүр тодорхой цагийн хуваарьтайгаар Sea Plex гэж нэрлэгдэх спортын цогцолборт нь гэр бүлээрээ тоглох олон тоглоомууд спортын арга хэмжээнүүд өдрийн турш тасралтгүйгээр л өрнөж байлаа.

Би дотроо дараагийн аяллаар явахдаа энэхүү зааланд хүүхдүүдээ машин унуулж давхиулаад, дугуйтай скутерээр нь наадуулаад гэр бүлээр сагсан бөмбөг, ширээний теннис гээд л энд байгаа бүхий л тоглоомуудаар нь  тоглох  боломжтой юм байна гэж бодож байлаа.  Бид хэд  бас теннис сагсан бөмбөг тоглоод л спортын идэвхтэй байсан шүү.

Энэ заалыг өдрийн хөтөлбөрийн дагуу олон төрлийн жижиг заалуудад хувааж өөрчилдөг юм байна лээ. Нээрээ энд зохиогдсон бас нэг сонирхолтой зүйл нь циркийн жүжигчдийн хийдэг өндрөөс унжих савлуур дээр гимнастик хийж үзэх боломж байсан. Өөрийгөө сориод үзэх хүмүүс оролдоод  л үзэх л хэрэгтэй санагдсан.

Аюул ослыг нь бүрэн тооцсон тусгай зориулалтын талбай дээр дасгалжуулагчтай хийх боломж энэ онгоцон дээр л ганцхан байгаа байх шүү.

Хөлөг онгоцны хойд хэсэгт ийм гоё инээд баяр хөөрөөр дүүрэн үйл ажиллагаа болж байхад үзүүр хэсгийн 15-16 давхрын задгай талбайд бүх насныханд зориулсан усан бассейн, бяцхан аялагчдын тоглох усан парк бас хөл хөдөлгөөн ихтэй л гадаад талбайн Pool Bar гээд л далайн эргийн наран шарлагын газар зугаалж яваа юм шиг л энд тэндгүй усанд сэлсэн наранд биеэ шарсан инээд хөөр дуу хуур хөвөрсөн  аз жаргалын бас нэг ертөнц байлаа. Энд онцолмоор нэг зүйл нь бассейны дэргэд халуун бүлээн устай жакузы ванн шөнийн 01 цаг хүртэл ажилладаг юм. 

Одод түгсэн тэнгэрийн доор Хөлөг онгоцны 16 давхрын жакузы вананд өдрийн алжаал ядаргаагаа тайлж усаар массажлуулан Тэнгэрт гялалзах оддоос уралдан олон өнгөөр солонгорох томоос том дэлгэцээр кино үзэх нь зүйрлэшгүй сайхан байсан шүү.  

Яг л энэ мөчийг хэзээ ч мартахааргүйгээр л сэтгэлд  минь тодоос тод зураг авагдсан байна даа.

 
 

Хөлөг онгоцны энэ урд хэсгийн хамгийн содон нэгэн зүйл гэвэл North star хэмээх хөлөгт сууж хөлөг онгоцноос дээш өндөрт гаргаж эргэн тойрныг 360 градусаар эргүүлэн  энэхүү асар том хөлөг онгоцыг бүтнээр нь харуулахаас гадна далайн дээгүүр нэгэн жижиг бүхээгт сансрын хөлгөөр нисэж яваа мэт мэдрэмжийг төрүүлдэг бяцхан бүхээгт хөлөг байдаг.

Энэхүү хөлгийг би өөрийнхөөрөө бяцхан сансарын хөлөг гээд нэрлэчихсэн. Бяцхан хөлөгийг сонирхсон жуулчид маань маш их байсан.  Энэ хөлөгт суухын тулд хөлөг онгоц руу оронгуутаа л үйлчилгээний төв дээр хурдан гэгч нь очиж дугаарлаж захиалгаа өгөх шаардлагатай юм байна лээ. Тэгэхгүй бол очер нь дуусчихдаг юм.

 
 

Хөлөг онгоцны дотор талыг танилцуулах гэхээр үнэхээр тэмдэглэл маань боть болж магад байна. Би нэг л үгээр хэлэхэд дээд зэргийн тансаг ертөнц байсан шүү. Хөлгийн 4-5 давхрын танхимын яг л дунд хэсэгт томоос том танхим байх бөгөөд эргэн тойронд нь дэлхийн том брэндийн дэлгүүрүүд байрлана. Энэхүү  онгоцонд аялж яваа бүсгүйчүүд хамгийн их завгүй байсан.

Учир нь энэ бүх үзүүлбэрийг үзэхээс гадна шоппинг хийхгүй байж чадахгүй байсан . Миний хувьд ч гэсэн нүд хужирлаж сонирхсон зүйлээ худалдан авч баяр хөөрөөр дүүрэн л байлаа. Танхимын 2 талаар уран зургийн галерей, роботууд  танд үйлчилдэг баар, өдөр шөнийн 24 цаг нээлттэй үйл ажиллагаа явуулдаг кафе, амьд хөгжмийн тоглолтууд явагддаг тансаг ресторан гээд л нэрлээд байвал маш их зүйл байна.

Эрчүүдийн хувьд үдшийн хөгжмийн аянд амьд хөгжийн тоглолт сонсонгоо билъярд тоглож тав тухтай амарч тухлах боломжууд байхаас гадна хөлөг онгоцны 3 давхарт нэлээдгүй том төрөл бүрийн тоглоомоор тоноглогдсон казиногийн ертөнцөд  цагаа зугаатай өнгөрөөх боломжтой юм байна лээ.  Миний хувьд  үнэнийг хэлэхэд казиногийн тоглоомонд тааруухан ч гэсэн нэг оролдоод л үзсээн.

 
 

Аяллын 3 дахь өдөр хөлөг онгоц маань  дэлхийн түүхэнд нэр нь мөнхөрсөн Япон улсын  Нагасаки хотод хүрсэн юм. Өглөөний нар хөлөг онгоцон дээр мандаж эхлэх тэр л цаг мөчтэй уралдаж Нагасаки хотын боомтруу намуухан хөвж ирлээ. Хөлөг онгоцноос эх газар, далайн дунд орших арлыг харах нь бас л нэг сонин содон харагдсан бөгөөд Нагасаки хотын  арлаас салсан уулсууд сүрдмээр ч юм шиг гоё ч юм шиг киноны үзэгдэл дунд орчихсон ч яваа мэт л байлаа.   

Бид өглөөний  8 цагийн үед  хөлөг онгоцноосоо бууж Нагаски хотын аяллаа эхэлсэн дээ. Мэдээж энэ хот түүхийн том хот тул хамгийн түрүүнд би “Nagasaki Bomb”  музейг нь зорьж очиж үзлээ.  Дэлхийд тэмдэглэгдсэн  түүхийн музейг үзэж  Нагасаки хотын түүхийн талаарх мэдлэгийн сангаа зузаатгаж авлаа. Мөн музейн ойр орших энх тайвныг бэлгэдсэн  паркаар зугаалж эртний худалдааны хотын тухай Дэжима хэмээн нэрлэгдэх  музей болгосон гудамж хотоор нь аялж, Нагасаки хотыг чимгэлсэн үзэсгэлэнт  Мегани гүүрэн дээр очиж зурагаа авахуулж орчноо тольдоод  Японы түүхийн дурсгалыг харуулсан сүмийг нь үзэж сонирхлоо. Нагасаки хотын худалдааны гудамж том дэлгүүрээр орж худалдаа хийгээд ч бас  амжсан.

Япон хүмүүс найрсаг тусархуу хүнд туслахыг хичээдэг зан нь үнэхээр таалагдсан шүү. Нагасаки хот сайхан хот байна лээ. Бүх л өдөржин хамгийн их жуулчин үздэг газруудыг нь тойрон аялаад Япон улсын талаар өөрийн мэдлэгийн сангаа арвижуулаад нүдээр үзээд биеэр мэдрээд ирсэн нь нэг өдрийн мартагдашгүй сайхан аялал болсон гэдгийг хэлмээр байна. 

 
 

Бидний хөлөг  онгоц зогссон боомтын эргэн тойрон нь энэ  хотын хамгийн их хөл хөдөлгөөн ихтэй бас үзэсгэлэнтэй газар шиг санагдлаа. Манай хөлөг онгоцтой зэрэгцээд европын нэг том онгоц бас ирсэн байсан бөгөөд Quantum of the seas онгоц маань тэр онгоцноос их том нүсэр харагдаж байсан нь нээрээ л дэлхийн хамгийн том онгоц гэдгээ батлаад өглөө. 

Орой 6 цагийн үед бид  хөлөг онгоцон дээрээ буцаж ирээд өрөөндөө орж хувцсаа солиод л эргээд гайхамшигт онгоцны аялалдаа орлоо. Тансаг ресторандаа оройн зоогоо бариад нөгөө л тэсэн ядан хүлээдэг театрынхаа энэ өдрийн тоглолтыг  ч үзлээ. Энэ өдөр жуулчид Нагасакигийн бүтэн өдрийн аялал хийгээд ядарсан байгаа байх бараг л бүгд амарч байгаа байхдаа гэж бодсон чинь тийм биш байлаа бүхий л тоглоомын газар  усан парк бассейн нь үйлчлүүлэгчээрээ дүүрэн л байсан. Энэ орой алжаал ядаргаагаа тайлахаар аялагчид Vtality sea spa-д очиж иж бүрэн үйлчилгээ авч байсан. Энэхүү спа нь төлбөртэй байдаг бөгөөд урьдчилан захиалгаа өгдөг юм байна. Спортын заалаар очиход   “Bumper car” -аар машин жолоодож тоглох хөтөлбөртэй бололтой 5-аас дээш насны хүүхдүүд ээж аавтайгаа гэр бүлээрээ уралдан тоглож бөөн инээд хөөр болж байсан.

Спа-д нь мэргэжлийн гоо сайхны зөвлөгч нар хөгшрөлтийн эсрэг нүүрний арчилгаа хэрхэн хийх, шүдээ хэрхэн цайруулах, нүүрээ хэрхэн арчлах гээд л гоо сайхны бүхий л төрлийн мэргэжлийн зөвөлгөөг өгч байгаа нь маш их таалагдсан энэ мэтчилэн спорт фитнесийн танхимд хэрхэн фитнесээр хичээллэх, мөр гар тохойн өвчин хэрхэн намдаах яаж зөв хичээллэх талын сургалтууд бас хийгдэж байсан. Эдгээр сургалт зөвлөгөөнүүд нь үнэ төлбөргүйгээр явагдаж байсан тул хөтөлбөрөө харж байгаад сонирхсон сургалтанд суух боломжтой юм байна лээ.  

Ихэвчлэн өглөө оройд залуус фитнесээр хичээллэж бүсгүйчүүд иогоор хичээллэж настай хүмүүс онгоцны гадаад тавцан дээр өөр өөрийн үндэсний уламжлалт дасгал хөдөлгөөнийг хийж байгаа байдлыг харахад сэтгэл хөдөлж хүмүүний амьдралын хэв маягаа идэвхтэй хөдөлгөөнтэй өөрийгөө чадваржуулж явах ёстой  шүү гэсэн мэссэжийг надад өглөө.

 
 
 

Хөлөг онгоцон дээр явагддаг үйл ажиллагаануудын бас нэг онцлог нь бага насны хүүхдүүд 12-17 насны хүүхдүүд гээд ангилсан тусгай программаар төрөл  бүрийн оюуны чадамж дээшлүүлэх тусгайлсан  хөтөлбөрийн сургалт,  хөдөлгөөнт тоглоом ,  гэр бүлийн бинго тоглоом гэх мэтчилэн тусгай  хөтөлбөрүүд явагддаг бөгөөд зарим нэгэн онцгой төрөл дээр гэр бүлээрээ оролцох захиалга өгч цаг авч ордог юм байна. 1-4 хүртэлх насны хүүхдүүдийг тоглуулдаг тоглоомын танхимтай бөгөөд манай онгоцонд нэлээд олон бяцхан жуулчид аялж яваа нь энэхүү танхимд очих бүрд л дүүрэн байгаагаас харагдаж байна лээ.  

Өдөр бүр үдээс хойш хөлөг онгоцны төв хэсгийн гол танхимд  брэндийн  бүтээгдэхүүний хямдралтай, бэлэгтэй худалдаа явагддаг тул хүний хөдөлгөөн шөнийн 12 цаг хүртэл л тасрахгүй үргэлжилнэ. Бидний орох дуртай нэг танхим маань хөгжмийн танхим байлаа. Хөгжмийн танхимд өдөр бүр бүжиг , дуу зааж, үдшийн хөтөлбөрт  хүссэн хүн бүр дуулах бүрэн боломжтой байдаг юм.

Энэ орой хөгжмийн  танхимд “silent night” нэртэй үдэшлэг зохион байгуулсан бөгөөд оролцсон хүн бүр чихэндээ чихэвч хийж дуулж бүжиглэж байлаа. Энэ нь бас их сонирхолтой содон харагдсан. 

 
 
 

Нагасакигаас хөлөг онгоц маань шөнө дундаас хойш хөдөлж Шанхай хотоо зорин хөдөлсөн байлаа. Онгоцон дээр далайн давлагаа мэдрэгдэж савлах хөдлөх гэсэн зүйл бараг мэдрэгддэггүй тул хөлөг онгоцоо хөдлөөд явсныг нь ч мэдээгүй. Хүн бүр сэтгэлдээ баяр хөөрийг тээж өнөөдрийн үзсэн зүйл хийсэн үйлдэл тоглосон тоглоом авсан зүйлдээ сэтгэл хангалуун байгаа нь илт харагдаж хаашаа л харсан аз жаргалтай хүмүүсийн цуглаан болж байгаа мэт. Хөлөг онгоцны ахмад бүх жуулчидтай мэндчилэн хөлгийн гол танхимд үдшийн уулзалт зохион байгуулж ахмад болон хөлгийн багийнхантай зургаа авахуулах боломжийг бидэнд олгосон. Дэлхийн хамгийн том Хөлөг онгоцны ахмадтай зургаа нь хамт авахуулж манай хөлөг онгоцоор аялж байгаа танд талархлаа гэсэн таатай үгийг өөрөөс нь сонсож Ахмадын штабаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцсоноо хэзээ ч мартахгүй  сайхан үйл явдлын маань нэг гэж би онцолно.

Сонирхуулахад хэрвээ та хүсвэл Хөлөг онгоцны бүтэц зохион байгуулалтыг үзэж инженерийн өрөөгөөр аялах боломжийг бас өгдөг юм байна лээ. Төлбөр нь 99 доллар гэсэн.  Энэ тухай хамгийн сүүлийн өдөр сонссон тул энэ аялал дууссан байлаа. Хэрвээ та энэ онгоцоор аялавал хөлөг онгоцны бүхий л үйл ажиллагааг сонирхоод үзээрэй. Хөлөг онгоцон дээрх хамгийн сүүлийн өдөр би усан бассейнд орж хөлөг онгоцны 16 давхар дээр наранд биеэ шарж эргэн тойрныг ажиглан нарлаж  байхдаа Монголчууд бидний хувьд жилийн 4 улирлын хамгийн сайхан зуны улирал богинохон хугацаанд өнгөрдөг тул  гэр бүлээрээ аялж амрах нь бага байдаг юм байна. Бид хүмүүний хорвоод нэг л амьдрахаас хойш дэлхийн өнцөг буланд болж буй энэ гайхалтай зүйлийг үзэж мэдэрч байх юмсан гэж бодсон шүү.

Гэхдээ бидэнд Тэнгэр трэвел компани энэ гайхамшгийн  нэг хэсэг болох хөлөг онгоцны  аяллаар 2 улсын үзэсгэлэнт хотоор аялуулж байгаа нь таатай байна. Өвлийн хүйтэн салхи хацар хайрч, хүйтэн  жавар нэвт үлээж утаа униарт ханиалгаж их хотын стрессд дарагдаж байдаг энэ улиралд өөртөө  зав гаргаад номхон далайн мандал дээгүүр над шиг наранд биеэ шараад уйдах завгүй сайхан аялаад аваарай гэж зөвлөе дөө.   Бидний хөлөг онгоцны аялал 10-р сарын 7-ны өдөр Шанхай хотод өглөө ирсэн бөгөөд бид өглөөний цайгаа нөгөө л хөлөг онгоцныхоо задгай талбайд хооллоод энэ сайхан аялалд эргэж заавал явнаа гэсэн итгэлийг өвөртлөөд Шанхай хотын нисэх буудал руу явж гэрийн зүг хөлгийн жолоог заллаа.

Үүлсийн дээгүүр Тэнгэрийн мандалд нисэж явахдаа Хөх цэнхэр далайн мандалд Хөлөг онгоцоор аялсан дурсамжаа эргэж тольдон дурсамжийг минь мөнхөлсөн гэрэл зургаа эргүүлж байхдаа энэхүү аяллын тэмдэглэлээ бичиж та бүхэндээ хүргэхийг хүссэн юм.  Та бүхэн надаас асууж тодруулмаар юм зөндөө байгаа байх тиймээс энэхүү аяллыг зохион байгуулж байгаа Тэнгэр трэвел ХХК-д хандаарай. 

Тэд энэ аяллын хөтөлбөрөө аль хэдийнээ өөрийн tengertravel.mn сайтандаа тавьсан байна лээ.     

 

Тэмдэглэлийг бичсэн: С.Туул  2017 оны 10-р сарын 9.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.