Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гүрж 2018 оны шууд сонгуулиас хойш Ерөнхийлөгчгүй болно

Э.Мөнхзаяа
2017 оны 10 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Гүржийн парламент өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийнхөө хоригийг давж, шинэ Үндсэн хуулийн төслөө баталлаа. Ингэснээр Гүрж улс парламентын бүгд найрамдах улс болж байгаа юм. 

Хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн тавьсан анхааруулгыг парламентын гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гурван удаагийн сонсголын дараа 117 гишүүн дэмжиж, долоо нь эсэргүүцэж саналаа өгчээ. 

Сөрөг хүчнийхэн энэхүү хуулийн төслийг нэг нам буюу эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намынхны баримт боллоо гэцгээсэн байна. Түүнчлэн сөрөг хүчний зарим гишүүн эсэргүүцлээ илэрхийлж, парламентын танхимыг орхижээ. 

Тэгвэл шинэ Үндсэн хуулиар юу өөрчлөгдөх хийгээд эрх баригч намынхан олон сар хэлэлцсэн мөртөө яагаад сөрөг хүчнийхэн, Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөлд хүрч чадаагүй вэ?

Гүрж улс яагаад Үндсэн хуулиа өөрчлөхөөр болов? 

Шинэ Үндсэн хуулийн төслийн ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, Гүржийн парламентын сонгууль дуусаад удаагүй байхад эхэлсэн юм. Үндсэн хуулийн өөрчлөлт ихэнх зүйлийг хамарсан бөгөөд парламентын засаглал руу шилжихээр тусгагджээ. Ийнхүү Үндсэн хуулиа өөрчлөх болсон нь 2010 оны шинэчлэлийн үр дүнд одоогийн үйл ажиллагаа явуулж буй хяналт хангалтгүй байгаатай холбоотой гэж эрх баригч намынхан тайлбарлажээ. Тухайн үед Ерөнхийлөгчийн эрх мэдлийн ихэнх хэсгийг багасгаж, Ерөнхий сайд, парламентынхыг нэмэгдүүлсэн билээ. 

Харин олон хүн энэхүү өөрчлөлт нь тухайн үед Ерөнхийлөгч Михаил Саакашвили төрийн тэргүүний хоёр дахь удаагийн хугацаа дуусмагц Ерөнхий сайдын суудалд шилжиж суух гэсэн санаархалтай холбоотой гэж сэжиглэж байв. 

Ингээд эрх баригч намын гишүүд 2010 оны өөрчлөлтөөс болж тус улсын гол хуульд олон тооны алдаа дутагдал гарсан. Тэр дундаа засаглалыг хуваах асуудалд алдаа үүссэн гэж үзжээ. 

Үндсэн хуулийн комиссын ажилд багтсан Үндсэн хуулийн цэц Вахтанг Хмаладзегийн хэлснээр эрх баригч ямар загварыг сонгох тухай маргаан Гүрж улс Үндсэн хуулиа боловсруулсан 1995 оноос хойш өрнөсөн гэжээ. Гэвч энэ удаад уг асуудлаар маргаан дэгдээгүй гэж тэрбээр ярьж байна. “1995 онд бид Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах засаглалтай болсон.

Цаашид олон тооны маргаан мэтгэлцээн өрнөсөн ч 2004 онд супер Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал тогтох үед Ерөнхийлөгчийн загварыг өмнө нь дэмжиж байсан улс төрийн байгууллагууд ч энэ загвараас татгалзаж эхэлсэн” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Үндсэн хуульд юу өөрчлөгдсөн бэ? 

Шинэ Үндсэн хуулиар 2018 оны сонгуульд Гүржийн Ерөнхийлөгчийн хамгийн сүүлчийн шууд сонгууль байх болно. Харин 2024 оноос тус улсын Ерөнхийлөгчийг бүх нийтийн шууд санал хураалтаар бус, 300 төлөөлөгчтэй сонголтын коллегиос гаргаж ирэх юм. 

Шинэ Үндсэн хуульд багтаасан хамгийн маргаантай хэсэг нь сонгуулийн системийг өөрчлөх, парламентын пропорциональд системд шууд шилжих явдал юм. 

Анхандаа эрх баригч нам холимог системийг цуцалж, пропорциональ системд 2020 он гэхэд шилжинэ гэж байсан боловч сүүлд нь энэ хугацааг 2024 он болгож хойшлуулжээ. 
Одоогийн хуулиар бол тус улсын парламентыг холимог системээр сонгож байна. 150 гишүүний 77 нь парламентад пропорционалиар орж ирдэг бол үлдсэн 73 нь мажоритар системээр орж ирдэг аж. 
Сөрөг хүчнийхэн болон олонх шинжээчид сонгуулийн ийм системийг засгийн эрхэнд байгаа намын талд ашигтайгаар эргүүлж, мандатыг шударга хуваарилахад саад болдог гэжээ. 
Энэхүү системийг бас нэг өө сэв нь одоогийн парламент өөрөө гэж Олон улсын шударга сонгууль, ардчиллын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Михаил Бенидзе тэмдэглэжээ. “Сүүлийн 25 жилийн турш засгийн эрхэнд байгаа намууд энэхүү системийг аятайхан ашиглачхаж байгааг бид харлаа. Харин бусад намуудад хөгжих, тэдэнтэй үр дүнтэй өрсөлдөх боломж олгодоггүй. Эрх баригч нам саналын 49 хувь, парламент дахь мандатын 77 хувийг авч байгаа нь уг системийн үр дүн юм” хэмээн тэрбээр тайлбарлажээ. 

Яагаад тохиролцож чадаагүй вэ? 

Сөрөг хүчнийхэн пропорциональ сонгуульд явуулах хугацааг хойшлуулснаар төр засаг холимог системийг хална гэсэн гол амлалтаа биелүүлээгүй гэж үзэж байна. Пропорциональ сонгуульд шилжих хугацааг хойшлуулсан нь одоогийн энэхүү шинэчлэлийн гол асуудал гэдэгтэй шинжээчид ч хүлээн зөвшөөрч байгаа аж.

Хмаладзегийн хэлснээр энэ нь парламент Засгийн газраа хянадаг сонгодог систем 2024 оноос л бодитоор хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. “Үүнээс өмнө парламентыг нэг намын олонх бүрдүүлэх магадлал өндөр байлаа. Өөрөөр хэлбэл мэргэшсэн олонх гэсэн үг. Тиймээс уг систем парламентын сонгуулийг пропорциональд шилжүүлсний дараа л үйлчилж эхэлнэ” хэмээн ярьжээ. 

Үүнээс гадна эрх баригч нам болон сөрөг хүчнийхний маргааны гол сэдэв нь Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд явуулахаа больж буй нь орж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд бусаар явуулах нь парламентын системд хамгийн тохиромжтой гэж эрх баригчид үзэж буй бол сөрөг хүчнийхэн энэхүү алхам нь хүн амын олонхын хүсэл зоригтой тэрсэлдэнэ гэцгээж байгаа аж. 

Үндсэн хуулийн төслийг шүүмжлэгчдийн талд орсон Ерөнхийлөгчийн хувьд ч пропорциональд системд төлөвлөсөн ёсоор 2020 оноос эхлэн шилжихийг санал болгож буй юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд Гүржид хоёр танхимтай парламент бүрдтэл хойшлуулсан нь дээр гэж үзжээ. Тус улс хоёр танхимт парламентыг газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээсний дараа Үндсэн хуулиараа бий болгохоор зорьжээ.

Зураг