Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай олимпийн тамирчин сурагчдын төлөөлөл оролцжээ.
Энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монголын Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадмыг спортын 7 төрлөөр Улаанбаатар хотод зохион байгуулж буйг уулзалтын эхэнд Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун танилцууллаа.
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимпийн тэмцээнүүдэд Монголын тамирчид 2013 оноос оролцож эхэлсэн юм. Мөн онд Монголын Тусгай олимпийн хороог байгуулж, түүнээс хойш дэлхийн болон улс, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тамирчин хүүхдүүдэд амжилт хүсч баяр хүргээд ямар бэрхшээл учирч буйг тодрууллаа.
Нийслэлд тусгай 4 сургуульд эдгээр хүүхдийг хамруулдаг бол орон нутагт энгийн сургуульд суралцаж, зарим нь сургуульгүй үлддэг ажээ. Мөн бэлтгэл хийх байр танхим, хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг, орон нутгийн удирдлагын анхааралд үүнийг авахуулах талаар дэмжиж ажиллана гээд тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх, спортын заал, танхимуудад бэлтгэл хийх боломжоор хангах чиглэлд мөн анхаарч дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Жудо бөхийн тамирчид паралимпийн тамирчидтай хамтран бэлтгэл хийдгийн нэгэн адилаар тамирчид өөрсдийн төрлөөр эдгээр хүүхдүүдтэй хамтран бэлтгэл хийх боломжтой гэж байсан юм.
Уулзалтын үеэр тамирчид гаргасан амжилтынхаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж ярилаа.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба