Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Чехийн тал Украины удирдагчдыг “Неандерталиуд” гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Чехийн ерөнхийлөгч Милош Земан

Чех болон Украин улсуудын удирдагч нарын хооронд сүүлийн хоёр өдөр үргэлжилсэн маргаан дэгдээд байна.

Хоёр хоногийн өмнө Чехийн ерөнхийлөгч Милош Земан Франц улсад болсон Европын Зөвлөлийн Парламентийн чуулган дээр үг хэлэхдээ Крымийг алдсаны хохирлыг Орос улс Украинд газрын тос, бэлэн мөнгө зэргээр төлж барагдуулж болох юм гэсэн санаа дэвшүүлжээ.

Түүнийг ингэж хэлсний дараа танхимд байсан Украины төлөөлөгч чуулганыг орхин явсан юм. Харин маргааш нь Украины ерөнхий сайд Владимир Гроисман Чехийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийн талаар сэтгүүлчдэд хэлэхдээ “Эрүүл ухаантай хүн хэзээ ч ийм зүйл ярихгүй, харин сэтгэцийн өвчтэй хүн л ингэж ярих байх” гэжээ.

Тэр бас Чехийн ард иргэдийг “ухаалаг, найрсаг хүмүүс” гэдгийг хэлээд “гэхдээ тэдний дотор бидний өнөөдөр сонссон шиг солиотой зүйл ярих хүн ч байна” гэсэн юм.

Түүний дараа Чехийн ерөнхийлөгчийн хэвлэлийн алба хариу мэдэгдэл хийж, Украины удирдагчдыг “агуйн хүмүүс” гэж доромжилжээ.

Чехийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жири Овкачек “Украины зарим улс төрчдийн манай ерөнхийлөгч рүү дайрсан үгийг би Неандерталийн агуйгаас сонсогдож байгаа хашхираан төдий зүйл гэж бодож байна. Өнөөдөр тэд Европын хаана ч байхгүй болсон шүү дээ” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today