Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

2016 онд Хойд Солонгос $666 саяар тансаг ангиллын бараа импортложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын эрх баригчид 2016 онд $666-ын үнэтэй тансаг ангиллын барааг импортлосон нь тус улсын нийт импортын 17.9 хувь болж байгааг Өмнөд Солонгосын парламентийн гишүүн өчигдөр танилцуулжээ.

Хятадын гаалийн байгууллагаас авсан тоо баримт дээр үндэслэн Эрх чөлөө намын гишүүн Ён Сан Хюн дээрх мэдээллийг чуулган дээр хийсэн байна.

Дээрх тоо нь 2015 оны импортоос 9.8 хувь буюу $59 саяар өссөн дүн гэнэ.

Тансаг ангиллын бараанд электроникийн бүтээгдэхүүнүүд, автомашин, савхин эдлэл, бугуйн цаг зэрэг багтаж байжээ.

Үүнээс сүүлийн үеийн электрон бараа $330 сая буюу хамгийн том дүнг эзэлж байгаа гэнэ. Дараа нь $260 саяын дүнтэй автомашин импортлосон байна. Харин согтууруулах ундаанд $16 саяыг зарцуулжээ.

2012 онд Ким Жон Уныг төрийн эрхэнд гарсны дараа тус улсын тансаг барааны импорт нэмэгдсэн гэдэг. Түүний төр барьсан 5 жилийн хугацаанд $3.36 тэрбумын тансаг ангиллын барааг Хойд Солонгос нутагтаа оруулжээ.

Жилийн өмнөхөөс өсөлтөөрөө бугуйн цагны импорт хамгийн өндөр байсан байна. Бугуйн үнэтэй цагны импорт 47.8 хувиар өссөн бол автомашин 31.7 хувийн өсөлтөөр дараа нь оржээ.

Мөн хивсний импорт 26.6 хувиар өссөн байна. Хамгийн их буурсан үзүүлэлттэй бараа нь гоёл, үнэт эдлэл (91.8 хувиар буурсан) байжээ.

Өмнөд Солонгосын тал эндээс Ким Жон Ун өөрийн шадар хүмүүсийн итгэлийг олж авахын тулд шагнаж урамшуулах нь нэмэгдсэн гэх дүгнэлт гаргасан байна.

Мөн олон улсын эдийн засгийн хоригийг зөрчиж, хүн ам нь өлсгөлөн ядуу байгаа Хойд Солонгост тансаг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх суваг болж байгаа Хятадын засгийн газрыг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Korea Herald