Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ивана Трамп: Дональд Трамп хөгжилтэй ухаалаг хүн

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2017 оны 10 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр, бага Дональд, Иванка болон Эрик Трамп нарын ээж, “Raising Trump” номын зохиогч Ивана Трампын ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Өдгөө 68 настай Ивана Трамп ярилцлагынхаа үеэр Дональд Трампаас салсандаа харамсдаггүй гэдгээ онцолжээ. Ивана Трамп нь Трампын сүлжээгээр дамжуулан бизнесийн ертөнцөд хэдийнээ нэрээ дурсгаж, хөлөө олсон эмэгтэй. Мөн Дональд Трамп “Trump: The Art of the Deal” номондоо Иванаг гайхалтай менежер хэмээн онцлоод “шаргуу дайчин, хөдөлмөрч, хамгийн шилдэг өрсөлдөгч" хэмээн дүрсэлсэн байдаг.

-Та өнгөрсөн амьдралаа буюу Дональд Трамптай амьдарч байсан үеэ дурсан санадаг уу?

-Үгүй дээ. Хэрэв би ядуу зүдүү, хүндхэн амьдралаар амьдарч байсан бол Трамптай амьдарч байх сайхан байж гэж хааяа бодох байсан байх. Майами мужид надад тансаг зэрэглэлийн байшин бий. Түүнчлэн Гэгээн Титезийн боомт дээр 300 жилийн түүхтэй загасны аж ахуй бий. Тийм болохоор би сонголтондоо сэтгэл хангалуун байдаг.

-“Трамп надгүйгээр хэн ч биш байх байсан” гэх бодол танд төрдөг үү?

-Мэдээж. “Трампыг өсгөсөн нь” (Raising Trump) номондоо илүү дэлгэрэнгүй бичсэн байгаа. Миний ном Дон, Эрик, Иванка нарын бага наснаас авхуулаад хэрхэн Цагаан ордны охид, хөвгүүд (First sons and daughters) болсон тухай өгүүлнэ. Түүнчлэн анх Чехославаас хэрхэн Нью-Йоркт ирсэн, Дональд Трамптай гэрлэсэн тухай болон бизнесийн амжилтынхаа тухай ямар нэгэн шүүлтүүргүй олон нийтэд хүргэнэ.

-Хүүхдүүдээ та хоёрын хэн нь өсгөсөн юм бэ?

-Ээж нь учраас би мэдээж өсгөсөн. “Raising Trump” номондоо хүүхдүүдийнхээ талаар ч бичсэн байгаа. Иванка 14 настайдаа үсээ цэнхэр өнгөөр будуулчхаж билээ. Үнэхээр аймаар харагдаж байсан шүү. Үүнийг би хэзээ ч мартдаггүй юм. Ер нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхийн тулд их хичээдэг байсан. Аяллаар явахдаа хүүхдүүд маань “economy” би өөрөө “first class”-aap нисдэг байлаа.

-Хүүхдүүд тань таны хүмүүжүүлэх арга барилыг хэрхэн хүлээж авдаг байсан бэ?

-Иванка надаас нэг удаа “Ээжээ та төлбөрийг төлж чадна гэвэл би “first class”-аар нисмээр байна” гэж хэлж байсан юм. Харин би “Охин минь мэдээж ээж нь төлж чадна. Гэхдээ миний охин “economy”-oop нисэх хэрэгтэй" гэж хэлж байсан юм. Иванка их зоригтой, ямар ч зүйлд азаа үзэхээс буцдаггүй хүүхэд байсан шүү.

-Одоогоос 41 жилийн өмнө Чех Улсын загвар өмсөгч, үзэсгэлэнтэй бүсгүй байхдаа та Дональд Трамптай танилцсан. Та хоёр хэрхэн танилцаж байсан бэ?

-Шаргал үстэй, цэнхэр нүдтэй залуу над дээр ирээд намайг Дональд Трамп гэдэг. Хэрэв та хүсвэл бидэнтэй хамт сууж болно гэж хэлсэн. Тухайн үед би найз бүсгүйтэйгээ хамт явж байсан болохоор түүнд “Надад сайн муу хоёр мэдээ байна. Сайн нь бид богино хугацаанд ширээ олж чадлаа. Муу нь энэ шаргал үст бидэнтэй хамт суух нь” гэж хэлсэн. Энэ өдрөөс есөн сарын дараа буюу 1977 онд бид гэрлэсэн. 1980-аад оны эхэн үед бид Нью-Йорк хотдоо тийм алдартай биш ч олны танил болчихсон байлаа.

-Би Дональд Трампын “Опра” шоунд оролцож байсан үеийн хуучны нэгэн бичлэгийг үзсэн юм. Тэр үед Дональд “Ивана бид хоёр бараг л маргалдаж, муудалцаад байдаггүй. Гэхдээ Ивана салахыг хүсэж байгаа учраас надад сонголт үлдсэнгүй” гэж хэлсэн. 1990-ээд оны эхэн үед Дональд Трамп Марла Маплес гэх жүжигчин бүсгүйтэй нэр холбогдсоноор та хоёрын гурван жил үргэлжилсэн салалтын эхлэх тавигдсан?

-Би түүний талаар яримааргүй байна. Тэр ямар ч амьдралын зорилгогүй байдаг л нэг шоучин хүүхэн байсан.

-Та түүнийг одоо хүртэл буруутгадаг уу?

-Ганц шөнийг өнгөрөөхдөө л 1,000 ам.доллар өгч чадах хүнээс ямар ч эмэгтэй татгалзахгүй шүү дээ. Магадгүй би түүнийг хэзээ ч уучлахгүй байх. Харин Трампын гурав дахь эхнэр бид хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцол, асуудал байхгүй. Бид харин ч үзэл бодол нийлдэг.

 Анхны эхнэрийнх нь хувьд би өөрийгөө АНУ-ын тэргүүн хатагтай гэж боддог. Меланиа ч үүнтэй маргахгүй байх.

-Та номондоо “Миний зөн совин надад Дональд Трамп бол хөгжилтэй, ухаалаг сайн хүн гэж хэлж байсан” гэж бичсэн байдаг. Таны зөн совин хэр үнэн байсан бэ?

-Миний зөн совин алдаагүй ээ.

-Та одоо ч тэгж бодсон хэвээрээ байгаа юу?

-Мэдээж. Бид одоо ч харилцаатай байгаа.

-Тийм гэж үү. Хэр дотно харилцаатай вэ?

-Тэр долоо хоногт нэг удаа над руу утсаар ярьж зөвлөгөө авдаг. Гэхдээ Меланиа Трампд эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд аль болох олон удаа ярихгүйг хичээдэг.

-Ямар зөвлөгөө авдаг гэж?

-Хамгийн сүүлд тэр надаас “Би твиттерт жиргэхээ болих хэрэгтэй юу эсвэл үргэлжлүүлэн жиргэх ёстой юу” гэж асуусан. Би түүнд чи жиргэхээ зогсоож болохгүй. Хэрвээ чи юу бодож явдгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хэлбэл тэд дор нь гуйвуулна. Тиймээс өөрийн юу бодож, ямар байр суурьтай байгаагаа твиттерээр илэрхийл гэж хэлсэн. Трамп сүүлийн үед маш их шүүмжлэлд өртөөд байгаа. Трампыг твиттер ашиглахыг болиулъя гэх яриа ч гарсан шүү дээ.

-Сайн Ерөнхийлөгч байхын тулд ард нь сайн ар тал байх хэрэгтэй. Ерөнхийлөгч Дональд Трампын ар тал хэр сайн бэ. Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш дэмжигчид нь бус эсэргүүцэгчид нь олшроод байх шиг?

-Би энэ талаар үнэхээр хэлж мэдэхгүй байна.

-Ерөнхийлөгч Дональд Трамп танд Чехийн Элчин сайдын албан тушаалыг санал болгосон гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Тэр надаас “Ивана чамайг хүсвэл би чамайг АНУ-аас Чехэд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилж болж байна" гэсэн. Би зөвшөөрөөгүй. Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Өвөл болохоор Майамид очиж, зуны улирлыг Гэгээн Титезид өнгөрүүлж, харин хавар намар нь Нью-Йорк хотоор зугаалмаар байна шүү дээ.

 

Эх сурвалж: CBS news

 

Зураг