Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд таван жил барьцаанд байсан Америк-Канад гэр бүл суллагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Талибанчуудтай холбоотой гэгддэг зэвсэгт бүлэглэлийн барьцаанд таван жил байсан Америк эмэгтэй, Канад эрэгтэйн гэр бүл, тэдний бага насны гурван хүүхдийг суллаж чадсанаа АНУ, Пакистаны албаныхан өчигдөр зарлажээ.

Америкийн иргэн Кэйтлэн Коулмэн, Канадын иргэн Жошуа Бойл нар таван жилийн өмнө Афганистанд аялж яваад Талибанчуудын нэг хэсэг гэгддэг Хаккани бүлгийнхний гарт орсон юм.

Баригдах үедээ Коулмэн бие давхар байсан ба барьцаанд байхдаа гурван хүүхэдтэй болсон байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ-ын засгийн газар Пакистаны засгийн газартай хамтран ажилласны дүнд Бойл-Коулмэний гэр бүлийг суллаж чадлаа” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Вашингтон удаан хугацааны туршид өөрийнх нь зэвсэгт хүчин болон Афганий холбоотнууд руу нь довтолж байсан Хаккани бүлгийн эсрэг арга хэмжээ авахгүй байгаад Пакистаны эрх баригчдыг шүүмжилсээр ирсэн юм.

Пакистаны тал барьцаанд байгаа хүмүүсийг аравдугаар сарын 11-нд Афганистанаас Пакистан руу нууцаар хил давуулж байгааг Америкийн тагнуулуудаас мэдсэн гэнэ.

Барьцаанд байсан хүмүүс бүгд эрүүл саруул суллагдаж, эх орон руугаа буцсан гэж Пакистаны тал мэдээлжээ.

Барьцаалагдсан гэр бүл 2012 онд Орос, Казахстан, Тажикистан, Киргизистанаар аялж, дараа нь Афганистанд ирээд байхдаа Кабулын ойролцоо зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан юм. Тэднийг барьцаалсан Хаккани бүлэглэл нь Исламын улс шиг барьцаалсан хүмүүсээ шууд алдаггүй, харин мөнгөөр солилцохыг илүүд үздэг юм байна.

Террористуудтай тэмцэхэд хангалттай хүч гаргахгүй байна гэж Пакистаныг шүүмжилдэг Трамп энэхүү ажиллагааны дараа “манай улсын Пакистантай харилцах харилцаанд гарсан эерэг үзэгдэл” гэж сайшаажээ.

 

Эх сурвалж: Associated Press