Анх 2011 онд болсон Европын хөлбөмбөгийн холбооны Стратегийн уулзалтаас эхлэн гурван жилийн хугацаанд яригдаж батлагдсан нэгэн шинэ тэмцээн буюу “UEFA Nations League” ирэх жил эхлэхээр боллоо. ЕХБХ-ны гишүүнчлэлтэй 55 шигшээ багийн дунд явагдах энэхүү тэмцээний талаар товч танилцуулъя.
“UEFA Nations League” лиг нь клубуудын лигийн тэмцээний нэгэн адил дэвшиж, буурах зарчимтай явагдах бөгөөд Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 55 улсын шигшээ баг 2017 оны 10 дугаар сарын 11-ний чансаагаар 4 “дивизион” буюу лигт хуваагдан өрсөлдөх юм.
А лигт хэсэг тус бүрийг тэргүүлсэн 4 улс хасагдах журмаар цомын төлөө тоглоно бол B, C, D лигүүдийн хэсгийг тэргүүлсэн дөрвөн улс дараагийн тэмцээнд дээд лиг рүүгээ дэвших юм. Харин A, B, C лигүүдэд хэсгийн сүүлийн байр эзэлсэн дөрвөн баг доод лиг рүү унах зарчмаар явагдах ажээ.
Тэмцээн хэсэгт багтсан багийн тооноос хамаарч ихдээ 6 тойрогтой байх ба 2018 оны 9-11 дүгээр сарын хооронд явагдах болно. “Лиг А”-гийн 4 хэсгийг тэргүүлсэн шигшээ багууд цомын төлөө 2019 оны 6 дугаар сард өрсөлдөх ажээ.
Энэхүү шинэ тэмцээний сугалаа 2018 оны 1 дүгээр сарын 24-нд явагдана.