Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн сэкс дарангуйлагчид олгосон шагналаа Хатан хаан хурааж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, заримыг нь хүчирхийлсэн гэгдэж байгаа Холливүүдийн нэрт продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон дуулиан улам газар авч байна.

Өчигдөр Британий ерөнхий сайдын алба продюсертэй холбоотой мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд ерөнхий сайд Тереза Мэй продюсерийн эсрэг гомдол гаргаж байгаа эмэгтэйчүүдийн эр зоригийг сайшааж, Уэйнштэйний үйлдлийг байж боломгүй хэрэг гээд бэлгийн дарамтын хэргийг гүнзгийрүүлэн шалгахыг уриалжээ.

Түүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, эхнэр Мишель Обама нар бас Уэйнштэйний хэргийг жигшсэн мэдэгдэл гаргасан юм.

Өчигдөр мөн Британий Лэйборист намын улс төрчид ерөнхий сайд Тереза Мэйд захидал бичиж, Уэйнштэйнд олгосон Хатан хааны CBE шагналыг хураахыг хүссэн байна.

CBE нь “Commander of the Most Excellent Order of the British Empire” гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад болон үндэсний хэмжээнд онцгой амжилт гаргасан хувь хүмүүст олгодог юм.

Мягмар гарагт продюсерийн эхнэр, хувцасны загвар зохион бүтээгч Жиоржина Чэпмэн нөхрөө уучилшгүй хэрэг үйлдсэн гэж үзээд салж байгаагаа зарласан.

Өчигдөр Британий Кино, Телевизийн Урлагийн Академи (BAFTA) өөрийн байгууллагын гишүүнчлэлээс Уэйнштэйнийг хасаж байгаагаа зарлажээ.

Сүүлийн байдлаар Уэйнштэйний сэкс халдлагад ямар нэг хэмжээгээр өртсөн 20 гаруй эмэгтэй жүжигчин тодроод байгаагаас гурав нь хүчээр бэлгийн харилцаанд орсноо хүлээгээд байна.

Өөрийн байгуулсан Weinstein Co кино компаниас халагдаад байгаа Уэйнштэйнийг буруутгасан мэдэгдлийг Холливүүдийн алдартай жүжигчид болох Жорж Клүүни, Мэрил Стрип, Кэйт Уинслет, Жади Дэнч, Бенэдикт Камбербач, Бэн Аффлек нар гаргажээ.

 

Эх сурвалж: Independent