Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгостой хэрхэн харьцахыг зөвхөн өөрийнх нь үзэмж шийднэ гэж Трамп хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд өөрийнх нь хувийн үзэмж гол үүрэгтэй гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэлжээ.

Тэрээр коммунист дэглэмтэй харилцах асуудлаар төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсонтой ижил байр суурьтай байж чадаж байгаа эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад ингэж хариулсан юм.

“Би бусад хүмүүсээс арай өөрөөр Хойд Солонгост ханддаг байж магадгүй. Би бусдын үгийг сонсдог хэдий ч эцэстээ миний үзэмжээр л шийдвэр гарна. Тийм биш гэж үү? Ажиллах зарчим ийм л байдаг. Систем ингэж л ажилладаг шүү дээ” гэж Трамп ярьсан байна. Тэр Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой уулзахын өмнө сэтгүүлчидтэй уулзсан юм.

Дональд Трамп АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нараас илүүтэй Хойд Солонгост хатуу хандаж байгаа нь түүний мэдэгдлүүдээс харагддаг.

Тэр үе үе Солонгосын хойгийн асуудлыг шийдэхэд “хүч хэрэглэх зам” нээлттэй байгааг сануулдаг юм.

Өчигдөр АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Солонгосын хойг дээгүүр сургуулийн нислэг үйлдэж, агаар-газар ангиллын пуужин харваж туршсан. Ингэхдээ Өмнөд Солонгос, Японы онгоцнуудыг дагуулж ниссэн нь анхны тохиолдол байлаа.

Хойд Солонгосын дэглэм энэ сард ээлжит зэвсгийн туршилтаа явуулж магадгүй байгаа. Аравдугаар сарын 18-нд болох Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурлын үеэр ямар нэг анхаарал татсан өдөөн хатгалга зохион байгуулж магадгүй гэж ихэнх ажиглагчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Korea Herald